АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр үлдээжээ

ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 19 /NHK/. АНУ-ын Төв банк буюу Холбооны нөөцийн сангийн (ХНС) удирдлагууд шинэ даргатайгаа анхны хурлаа хийлээ. Тус банкны шинэ даргаар Кевин Уоршийг Ерөнхийлөгч Дональд Трамп томилсон юм. Энэ удаагийн хурлаар бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэрийг гаргажээ.

ХНС бодлогын хүүгээ 3.5-3.75 хувийн түвшинд хэвээр хадгалж байна. Тус банкны удирдлагууд ийнхүү дөрвөн хурал дараалан хүүгийн түвшнийг өөрчилсөнгүй.

Шинэ дарга Уорш хэлэхдээ “Инфляцын түвшин ХНС-гийн олон жилийн өмнөөс тогтоосон 2 хувийн зорилтот түвшнээс хол давсан хэвээр байгааг бид ойлгож байна. Энэ байдал үргэлжлээд таван жил гаруй боллоо. Үнэ тогтвортой өндөр байх нь Америкийн ард түмний нуруунд хүнд ачаа болж байгаа хэдий ч сүүлийн үеийн үйл явдлуудыг цаашид мөн ийм байдал үргэлжлэхийн дохио гэж үзэх шаардлагагүй” гэж мэдэгджээ. 

Тэрбээр мөн “үнийг тогтворжуулна” гэж амлалаа. АНУ-д өнгөрсөн тавдугаар сард хэрэглээний үнийн индекс сүүлийн гурван жил гаруйн хугацаан дахь хамгийн дээд түвшиндээ хүрчээ. Шинжээчид үүнийг Ираны эргэн тойрон дахь нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна.

ХНС-ийн удирдлагууд энэ удаагийн хурлын дараа эдийн засгийн хэд хэдэн таамаглалаа нийтэлсэн нь энэ оныг дуустал бодлогын хүүг дахин нэг удаа өсгөж магадгүй гэсэн дохиог өглөө.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн