БНСУ гоо сайхны бүтээгдэхүүн экспортлогч хоёр дахь том орон болжээ

СӨҮЛ, 2026 оны зургаадугаар сарын 18 /Yonhap/. Өмнөд Солонгосын гоо сайхны салбар дэлхийн зах зээлд хоёр дахь тэсрэлтээ хийж байна. Энэ удаад үндэстэн дамнасан уламжлалт том компаниуд бус, харин хурдацтай хөгжиж буй бие даасан жижиг брэндүүд, нарийн технологи бүхий үйлдвэрлэгчид болон олон нийтийн сүлжээний өсөн нэмэгдэж буй нөлөөлөл тус улсын гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өсөхөд голчлон нөлөөлжээ. 

Ингэснээр БНСУ нь Францын дараа гоо сайхны бүтээгдэхүүн экспортлогч хоёр дахь том орон болж, гоо сайхны бүтээгдэхүүн нь тус улсын өргөн хэрэглээний барааны экспортын гол нэр төрөл болжээ.

Энэ оны 1-5 дугаар сард Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний нийт экспорт өмнөх оны мөн үеийнхээс (4.6 тэрбум ам.доллар) 5.6 тэрбум ам.долларт хүрч өссөн тухай тус улсын Худалдаа, аж үйлдвэр эрчим хүчний яам мэдээлсэн байна.   

2025 онд АНУ анх удаа Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний экспортын хамгийн том зах зээл болсон бөгөөд тус улс руу хийсэн нийлүүлэлт 2.2 тэрбум ам.долларт хүрч, урьд нь Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний гол худалдан авагч байсан Хятад улсыг гүйцэж түрүүлжээ.

Үүний зэрэгцээ Европ тивийн зах зээл экспортын хэмжээг өсгөх бас нэгэн шинэ хүчин зүйл болсон байна. Энэ оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд Европ руу экспортолсон гоо сайхны бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 60 хувиар өсөж, 820 сая ам.долларт хүрсэн нь АНУ руу хийсэн экспортын хэмжээг давсан байна.

Энэхүү өсөлтийн эрч саарах шинжгүй байгаа тул салбарын ажиглагчид одоогийн тэсрэлтийг түр зуурынх биш, харин зах зээлийн бүтцийн томоохон өөрчлөлт хэмээн туйлын өөдрөгөөр төсөөлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн