Беларусийн хүүхдийн хөлбөмбөгийн багийн хүүхдүүд зургадугаар сарын 17-ны өдөр Оросын Брянск мужид автобустай явж байгаад дроны цохилтод өртсөн. Украин, Беларусьтай хиллэдэг Брянск мужид Кремлиэс томилсон захирагч Егор Ковальчук энэ цохилтод Украиныг буруутгасан боловч Киев үүнийг үгүйсгэж байна.
Украины жанжин штаб телеграм дахь мэдэгдэлдээ “Бид энэ хугацаанд Брянск муж дахь байнууд руу дрон харваагүй. ОХУ тулааны талбарт зорилгодоо хүрч чадахгүй байгаа тул Украины эсрэг мэдээлэл тараах, тархи угаах нь ихэссэн байна. Бид энэ мэдээллийг Кремлийн зохион байгуулсан ээлжит өдөөн хатгалга гэж үзэж байна. Украины хүчин гарцаа байхгүй хууль ёсны байнуудыг л онилдог. Бас энгийн иргэдийн эсрэг байлдааны ажиллагаа явуулдаггүй. Украины иргэд, иргэний дэд бүтэц, орон сууц, эмнэлэг, сургуулиуд руу халдаж, олон улсын хүмүүнлэгийн хууль журмыг зөрчсөөр байгаа нь Орос өөрөө. Киев зэрэг хотыг онилсон сүүлийн цохилтын үр дүнд хүүхэд, том хүн холилдсон олон хүн амиа алдсан” гэжээ.
Брянскийн цохилтоор нэг хүн нас барсан нь 44 настай Виктория Гриценка юм. Гриценка нь Гомелийн Речица дүүргийн Хүүхэд, залуучуудын спортын 2-р сургуулийн дасгалжуулагч Аляксей Гарошкагийн эхнэр байсан бөгөөд тухайн үед багийнхныг дагалдан явжээ. Харин дасгалжуулагч Аляксей Гарошка шархадсан бөгөөд биеийн байдал нь сайнгүй байгаа аж.
Беларусийн Гадаад хэргийн яам уг цохилтыг эрс буруушаасан хүчтэй мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд энэхүү халдлагыг иргэний дэд бүтцийг онилсон террорист үйлдэл гэж нэрлэсэн байна. Мөн Украины талаас бүрэн хэмжээний тайлбар өгөхийг шаарджээ.
Түүнчлэн Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко Украины дайн улсынх нь нутаг дэвсгэрт тархахыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр Беларусь улс энэ дайнд оролцохгүй гэдгийг мэдэгдээд зогсохгүй Зеленскийгээс уучлал гуйсан байна. Тодруулбал, “Зеленскийг урьд өмнө шүүмжилж байсан минь арай хэтэрсэн байж магадгүй. Улс нь дайнтай байхад тэгж хурцаар шүүмжлэх хэрэггүй байжээ” гэж Лукашенко хэлжээ.