Москвад хар өнгийн тосорхог бороо орсон гэв

Украины арми Москва руу 200 орчим дрон харвасан нь дайн эхэлснээс хойш Оросын нийслэлийг чиглэсэн хамгийн том халдлага боллоо. Халдлагын улмаас 17 хүн бэртэж гэмтэж, тэнгэрт өтгөн хар үүл хуралдав. Мөн хар өнгийн тосорхог бороо орсныг ард иргэд мэдээллээ. Хувцас дээр нь хар толбонууд үлдсэнийг иргэд баталсан ч Москвагийн эрх баригчид үгүйсгэжээ.

Гэхдээ хотын захиргаа албан ёсны телеграм хаягаараа дамжуулан иргэдийг цонхоо хааж, хүүхэд, хөгшид, астамтай хүнтэй айлуудыг нэн даруй нөлөөлөлд өртсөн бүсийг орхихыг зөвлөсөн байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, 24 цагийн хугацаанд Украины 1000 орчим дрон, дөрвөн далавчит пуужинг Москва саатуулахыг нь саатуулж, устгахыг нь устгажээ. Энэхүү цохилтод өмнөд Ростов муж дахь газрын тосны байгууламж өртсөн аж.

ОХУ өнгөрсөн долоо хоногт Киевт халдаж, шашны түүхийн дурсгалт байгууламж болох “Pechersk Lavra” сүм шатсан. Москвад цохилт өгсөн нь энэ халдлагын хариу үйлдэл гэж Зеленский мэдэгджээ. Тэрбээр “Бид энэ дайныг хүсэхгүй байна, хэзээ ч хүсч байгаагүй. Гэхдээ та нар Украиныг шатаавал бид ч бас Москваг шатаана” гэжээ.

Москвагийн цохилтын үеэр Капотня газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарчээ. Тус үйлдвэр нь энэ долоо хоногт хоёр дахиа, энэ сард гурав дахиа халдлагад өртөж буй нь энэ юм.

Мөн халдлагын улмаас Москвагийн дөрвөн нисэх буудлыг түр хаасан нь 500 гаруй нислэгт нөлөөлөөд байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн