“Их-7”-ийн Франц дахь дээд хэмжээний уулзалтаар удирдагчид Украинд хүчтэй цэргийн дэмжлэг үзүүлж, Оросын эдийн засгийн дарамт шахалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэдэг дээр санал нэгджээ. Украинд суух АНУ-ын Элчин сайд асан Стивен Пайфер энэхүү санаачилгыг сайшаан хүлээж авахын зэрэгцээ “Энэ мэдэгдлийн араас тодорхой алхмууд хийгдэх эсэх нь л жинхэнэ шалгуур болно” гэсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, “Их-7”-ийн удирдагчид Украинд төвтэй компаниудад алсын тусгалтай пуужин, агаарын довтолгооноос хамгаалах систем үйлдвэрлэхэд нь зориулж лиценз олгохоор тохирчээ. Энэ шийдвэр нь АНУ-ын хувьд маш бодлогын өөрчлөлт болсон гэдгийг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон хэлжээ. Мөн “Путин энх тайвныг тэгтлээ сонирхохгүй байгааг Трамп хүлээн зөвшөөрсөн” гэжээ.
Удирдагчид Украины асуудлаар дээр туйлын нэгдмэл үзэл санаатай байсныг Италийн ерөнхий сайд Жиоржиа Мелони ч онцолсон байна.
Гэхдээ Европын холбоотнууд Ормузын хоолойг цэвэрлэх ажилд тусалсан тохиолдолд л АНУ-ын хүчтэй дэмжлэг болон дарамт шахалт хэрэгжинэ гэдгийг Трамп анхааруулсан аж. Энэ санаачилгыг удирдагчид няцаагаагүй ч гэлээ ийм даалгавар нь хатуу нөхцөл шаарддаг гэдгийг сануулжээ. АНУ-ын Элчин сайд асан Стивен Пайфер энэ санааг сонирхолтой солилцоо гэсэн ч болгоомжтой байхыг мөн сануулж байна.
Мөн тэрбээр Путин, Зеленский нар ойрын хугацаанд АНУ-д уулзаж магадгүй гэх санааг үгүйсгэжээ. Зеленскийн хувьд аль нэг төвийг сахисан улсын нутаг дэвсгэрт хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн ч Путин Москвад уулзах шаардлагыг хүргүүлээд буй. Энэ талаар Пайфер хэлэхдээ “Москва явна гэдэг Зеленскийн хувьд аймшигтай алдаа болно. Тэр үүнийг маш сайн ойлгож байгаа.
Яг одоогоор бол Путин дайныг дуусгах хэлэлцээ хийхэд бэлэн байгааг илтгэх зүйл алга” гэжээ.
Түүнчлэн Украины арми тулааны өнгө төрхийг технологийн инноваци, тэр дундаа дроны хэрэглээгээр тодорхойлж байгааг Пайфер дурдсан байна. Түүний хэлснээр ОХУ-ын цэргийнхний сүүлийн үеийн уулзалтууд дээр Путин Украины дроны аюул заналхийллийг ил тод авч хэлэлцжээ. Энэ нь Украины цохилт Оросын дотоодод үнэхээр нөлөөлж байгаагийн шинж тэмдэг гэж үзэж байна.