“USS Abraham Lincoln” хөлөгт цохилт өгсөн гэх мэдээллийг АНУ үгүйсгэв

Ираны хүчин Ням гаригт /2026.03.01/ дөрвөн баллистик пуужингаар АНУ-ын “USS Abraham Lincoln” тээгч хөлөгт цохилт өгсөн тухай тус улсын төрийн хэвлэлд мэдээлжээ. Гэвч АНУ-ын Төв командлал үүнийг няцааж, хөлөг цохилтод өртөөгүй, Ираны пуужин бүр ойртож ч ирээгүй гэв. “USS Abraham Lincoln” хөлөг Ираны дэглэмийн аюул заналхийллийг арилгах замаар Америкийн ард түмнийг хамгаалахын тулд Төв командлалын үйл ажиллагааг дэмжиж, нисэх онгоцуудаа хөөргөсөөр байна гэж тэд мэдэгджээ.

Харин эсрэгээрээ АНУ-ын хүчин Ираны тэнгисийн цэргийн есөн хөлөг онгоцыг устгасан гэж Трамп жиргэсэн байна.

“USS Abraham Lincoln” тээгч хөлөг нь 100 мянга гаруй тонн жинтэй “Nimitz” ангиллын хөлөг. Тус хөлөг нь яг одоо Ойрхи Дорнодын бүс нутагт 5600 цэрэг тээвэрлэж, хөвдөг дайны хотын үүрэг гүйцэтгэж байна.

Дашрамд дурдахад, үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Их Британи, Франц, Герман улсууд Ираныг буруушаасан мэдэгдэл гаргажээ. Тэд Ойрхи Дорнод дахь өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд шаардлагатай алхмуудыг хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж, цохилтоо зогсоохыг Иранд уриалсан байна.

Мөн бүс нутгийн мөргөлдөөний дараа дэлхийн газрын тосны үнэ өсчээ. Ази тивд өнөө өглөө эрчим хүчний зах зээл нээгдэхэд “Brent” маркын түүхий нефть болон “Nymex” маркын хөнгөн газрын тосны үнэ 10 гаруй хувиар өссөн байв. Үүнийхээ дараа бага зэрэг буурч, “Brent” маркын түүхий нефть баррель нь 79.30 ам.доллар, “Nymex” нь 72.70 ам.долларын үнэтэй болоод байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC, DW

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн