БАНГКОК, 2026 оны есдүгээр сарын 2/Kazinform/. Далай тэнгист үүрэг гүйцэтгэхдээ 287 хоногийн турш боомтод нэвтрэлгүйгээр аялсны эцэст АНУ-ын нисэх онгоц тээгч Abraham Lincoln хөлөг онгоц Тайландын амралт сувиллын Паттайя хотоос холгүй газарт ирж зангуугаа хаялаа. Ингэснээр багийн гишүүн 5 мянга орчим хүн амрах боломжтой болж байна. Энэ тухай ВВС мэдээлснийг Kazinform дамжууллаа.
Энэхүү газар бол түүхэн бэлгэдэлтэй газар бөгөөд Вьетнамын дайны үеэр олон мянган америк цэргүүд энд ирж амардаг байжээ. Чухамдаа тэд энэхүү загасчдын жижигхэн сууринг дэлхийн хамгийн эрчимтэй хөгжиж буй хотуудын нэг болгон хувиргасан юм.
Америкийн нисэх онгоц тээгч хөлөг онгоц өнгөрсөн оны 11 дүгээр сард Номхон далай болон Өмнөд Хятадын тэнгист 6 сарын хугацаанд үүрэг гүйцэтгэхээр хөдөлжээ. Гэтэл хоёрдугаар сарын сүүлчээр АНУ, Израил хоёр Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн тул хөлөг онгоцыг Персийн булан руу илгээсэн байна.
Хугацаа сунжирсны улмаас цэргүүд сэтгэл санааны гутралд орж, хоол хүнс хомсдсонтой холбогдуулан Конгрессын зарим гишүүд санаа зовниж байгаагаа илэрхийлж байв. Харин Тэнгисийн цэргийн хүчний командлал мэдэгдэхдээ, ажиллах нөхцөл хүнд байгаа боловч багийн гишүүдэд хангалттай дэмжлэг үзүүлж байна гэжээ.
АНУ-Ираны дайн Тайландын аялал жуулчлалын бизнест сөргөөр нөлөөлсөн байна. Харин одоо есөн сарын турш далайд байхдаа багагүй хэмжээний цалингаа хуримтлуулсан олон мянган америк цэргүүд ирсэн нь орон нутгийн бизнес эрхлэгчдэд чамгүй боломж олгох нь тодорхой.
USS Abraham Lincoln хөлөг онгоц хүрэлцэн ирсэн нь 1975 онд Сайгон эзлэгдэж, Вьетнамын дайн дууссанаас хойших хугацаанд байлдааны ажиллагааны бүсээс олон тооны америк цэргүүд Паттайяд ирсэн анхны тохиолдол болж байна.
Тайландын эрх баригчдын мэдээлснээр, Америкийн цэргийн албан хаагчдыг хэд хэдэн газарт нэвтрэхийг хориглосон бөгөөд олон зуун цагдаа нар Паттайягийн зугаа цэнгэлийн бүсийг хянаж байна. Мөн америк цэргүүд ирснийг далимдуулан үнээ өсгөхгүй байхыг орон нутгийн бизнес эрхлэгчдэд анхааруулжээ.
USS Abraham Lincoln хөлөг онгоц 6-ны өдөр тус боомтоос хөдөлнө.