Ким Жон Ун намын удирдах ажилтнуудад буу бэлэглэжээ

СӨҮЛ, 2026 оны 2 дугаар сарын 28. /Reuters/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын удирдах ажилтнууд болон цэргийн өндөр албан тушаалтнуудад мэргэн буудагчийн шинэ загварын бууг гардуулан өгчээ.

Өнөөдөр Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, тэрбээр баасан гарагт намын төв байранд болсон нэгэн ёслолын үеэр шинэ загварын зэвсгийг өөрийн итгэл найдварын бэлгэдэл болгон өгсөн байна.

Батлан хамгаалахын шинжлэх ухааны академид тусгайлан зохион бүтээсэн шинэ үеийн уг бууг Ким Жөн Ун “үнэхээр гайхалтай зэвсэг” хэмээн өндрөөр үнэлжээ.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг Намын IX их хурлыг тохиолдуулан зохион байгуулсан байна. Бэлэг хүлээн авагчдын дунд Намын Төв цэргийн комиссын гишүүд, Солонгосын Ардын армийн болон хамгаалалтын анги нэгтгэлүүдийн командлагчид байлаа.

Мөн удирдагчийн эмэгтэй дүү Ким Ё Жон энэхүү зэвсгийг хүлээн авсан бөгөөд төрийн хэвлэлээр түүнийг намын Төв хорооны хэлтсийн даргаар томилогдсоныг анх удаа олон нийтэд албан ёсоор зарласан юм. Түүнчлэн Ким Жон Уны охин Жү Э ёслолд оролцож, буу шагайж буйг KCNA агентлагийн гэрэл зурагт харуулжээ. Тэрбээр сүүлийн үед эцгийгээ даган зэвсгийн үйлдвэрүүдтэй танилцах зэргээр төрийн хэрэгт оролцох нь олонтоо харагдах болсон тул тус улсын дөрөв дэх үеийн удирдагчаар бэлтгэгдэж байж магадгүй хэмээн шинжээчид таамаглаж байна.

БНСУ-ын Үндэсний тагнуулын газрын үзэж байгаагаар, Кимийн охин олон нийтийн өмнө олонтоо үзэгдэх болсон нь төрийн хэрэгт оролцож эхэлснийг нь илтгэх бөгөөд улсдаа хоёр дахь том эрх мэдэлтнээр хүлээн зөвшөөрөгдөж буйн илрэл ажээ.

Мөн Ким Ё Жон болон удирдагчийн туслах бөгөөд тэргүүн хатагтайтай ойр дотно гэгддэг Хён Сун Вол нар хамтдаа буу барин зогсож буй гэрэл зураг нийтлэгдсэн байна.

GolMedee

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн