Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх өндөр түвшний хэлэлцээ үргэлжилж байгаа энэ үед АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи Дорнод руу хоёр дахь нисэх онгоц тээгч хөлөг илгээх болсноо мэдэгдлээ. АНУ өмнө нь цөмийн хөдөлгүүртэй “USS Abraham Lincoln” хөлгийг Ираны ойролцоох Арабын тэнгист байршуулсан. Энэ нь Иранд шахалт үзүүлэх зорилготой гэж ажиглагчид үзсэн юм.
АНУ, Иран хоорондын хэлэлцээ хоёрдугаар сарын 6-нд дахин эхэлсэн бөгөөд хоёр талын өндөр албан тушаалтнууд оролцож байгаа юм.
Трамп өчигдөр (2026.02.13) Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, хэрэв Ирантай тохиролцоонд хүрч чадвал хоёр дахь хөлгийн байршуулалтын хугацааг богиносгож магадгүй. Харин хэлэлцээ бүтэлгүйтвэл нэмэлт хүч хэрэгтэй болно гэжээ. Тэрбээр мөн “Хэрэв бид хэлэлцээ хийвэл энэ ажиллагааг зогсоож болно. Хөлөг удахгүй хөдөлнө” хэмээн хэлсэн байна.
“The New York Times”-ын мэдээлснээр, цөмийн хөдөлгүүртэй, орчин үеийн “USS Gerald R. Ford” хөлөг болон үүнийг дагалдах байлдааны усан онгоцнуудыг Ойрхи Дорнод руу илгээхээр төлөвлөжээ. Тус хөлөг нь нэгдүгээр сард Венесуэлтэй холбоотой АНУ-ын цэргийн ажиллагаанд оролцсон байна. Трамп мөн өчигдөр Хойд Каролина мужид айлчлах үеэрээ Иранд засгийн эрх солигдохыг хүсэж байгаа эсэх талаар асуухад “Хамгийн сайн, зөв шийдэл байж магадгүй” гэж хариулжээ. Тэрбээр өмнө нь АНУ, Ираны хэлэлцээ ойролцоогоор нэг сар орчим үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна.