Ойрхи Дорнод орондоо орох завгүй

Олон улс орондоо орох завгүй олзлон булаалдаж, хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэлдсэн өдрүүд үргэлжилж байна. АНУ-ын дэмжлэгтэйгээр Израиль улс Иранд урьдчилан сэргийлэх дайралт гэгчийг өнгөрсөн амралтын өдрүүдээр явуулсан нь Ойрхи Дорнодыг цочроон доргиолоо. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидогийн үлгэрээр Иран улс энэхүү цохилтын хариуг Израиль, Бахрейн, Катар, Арабын нэгдсэн Эмират, Оман, Саудын Араб, Ирак, Кувейт гэсэн найман оронд шууд болон шууд бус байдлаар өгчээ.

Юун түрүүнд Израилийн хүчин өнгөрсөн хугацаанд Ираны 31 мужийн 24-т нь 1200 гаруй төрөл бүрийн зэвсэг, сум, пуужин хаяжээ. Үүний улмаас Иранд 201 хүн нас барж, 747 хүн шархадсан.

Харин Израильд дор хаяж есөн хүн нас барж, 121 хүн шархадсаныг “Al Jazeera” агентлаг гуравдугаар сарын 1-ний оройны байдлаар мэдээлжээ. Бусад улсын хувьд Бахрейнд дөрвөн хүн шархадсан, Иракт хоёр хүн нас барж, тав шархадсан, Оманд тав шархадсан, Катарт 16 хүн шархадсан, Арабын нэгдсэн Эмиратад гурван хүн нас барж, 58 хүн шархадсан байдалтай байна.

Ираны Исламын хувьсгалт гвардын корпус АНУ-ын цэргүүд байрладаг Ойрхи Дорнодын 27 бааз болон Израилийн цэргүүд байгууламжуудад дайралт хийсэн гэж мэдэгджээ. АНУ-ын цэргийн баазууд олон 10 жилийн Ойрхи Дорнодод үйл ажиллагаагаа явуулж буй. 2025 онд тооцоолсноор Ойрхи Дорнодод АНУ-ын 40-50 мянга орчим цэрэг байнгын болон түр баазуудад байрлаж байжээ.

ХАМЕНЕИГҮЙ ИРАН

Израилийн агаарын цохилтоор Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи амь үрэгдсэн нь 1979 оны Исламын хувьсгалаас хойших хамгийн ноцтой үйл явдал боллоо. Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян мэдэгдэл хийхдээ дээд удирдагч Хаменеи болон бусад өндөр албан тушаалтны амийг нэхэх нь тус улсын үүрэг бөгөөд хууль ёсны эрх гэжээ.

Дональд Трамп энэ ажиллагаагаа чөлөөлөх мөч гэж тодорхойлсон юм. Дэглэмийн толгойг тасдсанаар илүү хурдтай нуран унана гэж тэр найдаж байна. Гэсэн ч бодит байдал барууныхны санасан шиг амар байхгүй бололтой. Өөрөөр хэлбэл, дэглэм устах гэхээсээ илүү улам цэрэгжсэн, өөрийгөө хамгаалах нэрийн дор улам хаалттай, дарангуйлсан тогтолцоотой улс бий болох эрсдэлтэй юм.

Агаарын цохилт дангаараа дэглэмийг өөрчилж чадахгүй гэдгийг цэргийн шинжээчид ч анхааруулж байна.

Энэ нь Ираны цэргийн бүтэцтэй холбоотой. Засгийн газрыг Ираны арми дангаараа хамгаалдаггүй, Исламын хувьсгалт гвардын корпус гэх хүчирхэг байгууллага тэнд бий. Тэнд үг хэлэх хүн үлдсэн л бол дэглэм тогтвортой үлдэх магадлалтай гэж АНУ-ын Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан асан хэлжээ.

Нэгэнт Хаменеи амь үрэгдсэн тул түр удирдлагын зөвлөл удахгүй байгуулагдах аж. Дараагийн дээд удирдагчийг сонгох хүртэл ерөнхийлөгч, шүүхийн тэргүүн болон Гвардын зөвлөлийн нэг хуульч хариуцлага хүлээж ажиллана. Энэ зөвлөл байгуулагдлаа гэхэд дэглэмийн амьд үлдэх протокол идэвхжлээ гэсэн үг юм.

ТРАМПЫН БООЦОО

Трамп Израилийг дэмжиж Иранд цохилт өгснөөрөө АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нарын гаргаж чадаагүй амжилтыг гаргах эсэхээ үзэж байна. Хэрэв Ираны цөмийн хөтөлбөрийг бүрэн устгаж, дэглэмийг өөрчилж чадвал Трамп үүнийг үеийн үед дуурсагдах ялалт гэж үзэх болно.

Гэвч энэ ажиллагаа амжилтгүй болж, бүс нутагт өргөн цар хүрээтэй мөргөлдөөн үүсч, алсдаа АНУ-ын байнгын оролцоо шаардлагатай болвол Трамп эсрэгээрээ нэр хүндээ золигт гаргалаа гэсэн үг. Энэ нь арваннэгдүгээр сард болох дунд хугацааны сонгуульд нөлөөлж, Бүгд найрамдах нам Конгресс дэх давамгайллаа алдах магадлалтай.

Трамп анх албан тушаалаа авахдаа Афганистан, Иракын мөнхийн дайныг дуусгах амлалт өгсөн. Гэсэн ч харамсалтай нь Иран, Венесуэль, Сири болон бусад улсад цэргийн ажиллагаа эхлүүлжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар Ираны дайн Трампын хяналтаас гарч болзошгүй байна. Дээр дурдсанчлан дэглэмийг өөрчлөхийн тулд агаарын цохилт дангаараа хангалтгүй, АНУ бүс нутагт цэргээ зайлшгүй байршуулах шаардлагатай юм.

Мөн Ираны хариу довтолгоо АНУ-ын холбоотнууд болон бүс нутгийн улс орнууд руу чиглэсэн нь Тегеран илүү хүчтэй дайн өрнүүлэх төлөвтэй байгааг илтгэнэ. Шинжээчдийн үзэж байгаагаар Иран АНУ-ын эдийн засагт нөлөөлөхүйц хэмжээний мөргөлдөөн өрнүүлэх стратегийг баримталж байх магадлалтай. Мэдээж ингэснээр Трампын хувьд ашиггүй байдал үүснэ.

Ойрхи Дорнод хөл толгойгоо алдаж эхэлснээр Газын зурвасыг сэргээн босгох, Саудын Арабтай харилцаагаа бэхжүүлэх зэрэг Трампын бусад зорилго алдагдана. Мөн АНУ дахь дэмжигчдийг нь Трампаас холдуулах магадлалтай. Трампын нэр хүнд амьжиргааны өртөг зэрэг асуудлаас болоод дотооддоо хэдийнээ унаад байгаа билээ.

Тэрбээр цэргийн кампанит ажлыг Конгрессээс зөвшөөрөл аваагүйгээр эхлүүлсэн ч ихэнх Бүгд найрамдахчууд түүнийг дэмжжээ. Тухайлбал, Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон “Иран хүртэх ёстойгоо хүртэж байна. Трампын засаг захиргаа энх тайвны, дипломат шийдлийг эрэлхийлэх бүхнийг хийсэн” гэжээ.

Харин Ардчилсан нам тэргүүтэй эсэргүүцэгчид Трамп америкчуудыг хүсээгүй дайнд татан оролцуулж байна гэж шүүмжилж байна. АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Камала Харрис “Манай цэргүүд Трампын сонгосон дайнаас болж эрсдэлд орж байна” гэжээ. Мөн Сенатын бүлгийн тэргүүн Чак Шумер “Трампын засаг захиргаа Конгресс болон олон нийтэд аюулын цар хүрээ, шууд байдлын талаар чухал мэдээллийг өгөөгүй” гэж шүүмжилсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA, BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн