2022 оны хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн Орос, Украины дайн маргааш дөрөв дэх жил рүүгээ орж байна. Энхийн хэлэлцээ төдийлөн явц муутай байгаа энэ цаг үед Украины ерөнхийлөгч Зеленский “BBC” агентлагт бүрэн хэмжээний ярилцлага өгчээ.
Тэрбээр Путиныг дэлхийн гуравдугаар дайныг эхлүүлсэн хэмээн буруутгаж, дэлхий дахинд хатуу байр сууриа илэрхийлэв. Путиныг зогсоох цорын ганц арга бол цэрэг, эдийн засгийн дарамт шахалт үзүүлэх гэж Украин үзэж байна.
“Донецкийн 20 хувийг Украинаас хүсч буй Оросын шаардлагын талаар та юу хэлэх вэ? Үнэхээр энэ шаардлагыг биелүүллээ гээд дайн зогсох юм бол харин ч боломжийн бус уу?” гэж Зеленскийгээс асуухад “Би үүнийг өөрөөр харж байна. Би үүнийг зүгээр нэг газар нутаг гэж харахгүй байна. Энэ бол манай байр суурийг сулруулж, энд амьдарч буй хэдэн зуун мянган хүнийг үл тоомсорлож буй хэрэг. Бид ухарвал манай нийгэм хуваагдана гэж би бодож байна” гэжээ.
Мөн Путин Донецкийн 20 хувийг эзэмшлээ гээд бүрэн сэтгэл ханахгүй, хэсэг завсарлага аваад дахин эргэж ирнэ гэж Зеленский үзэж байна. Европын түншүүдийн үзэж буйгаар Путин 3-5 жилийн завсарлагын дараа дараагийн байгаа онилно.
Зеленский Киевийн төв хэсэгт байрлах өндөр хамгаалалттай засгийн газрын барилга дотор ярилцлагаа өгчээ. Хамгаалалтын ажилтнуудын хариуцлагатай, нухацтай байдал аль ч улсын ерөнхийлөгчийн хувьд адил. Гэхдээ Зеленскийн хамгаалалт урьд өмнө байгаагүй хатуу чанга, ер бусын байсныг “BBC”-ийн сэтгүүлч онцолжээ. Сэтгүүлчийн хэлснээр Зеленский хатуу ширүүн бүхнээс үл хамааран харьцангуй өөдрөг байсан аж.
Зеленский хэлэхдээ “Путиныг өнөөдөр л зогсоож, Украиныг эзлэн түрэмгийлэхийг нь болиулах ёстой. Үүнийг л бүх дэлхийн ялалт гэнэ. Яагаад гэвэл Путин Украинаар зогсоно гэж байхгүй” гэжээ.
Сэтгүүлч түүнээс Трампын эрс тэс мэдэгдлүүдийн талаар асуужээ. Трамп үе үе Зеленскийг дайн эхлүүлсэн дарангуйлагч гэж буруутгадаг билээ. Зеленский энэ асуултад инээмсэглэн хариулахдаа “Би дарангуйлагч биш. Би дайн эхлүүлээгүй. Ийм л байна” гэжээ.
Мөн түүнээс “Та Трампад итгэж байна уу? Түүнээс аюулгүй байдлын баталгаа авлаа гэхэд тэр хэлсэндээ хүрэх болов уу? Эцсийн эцэст Трамп байнга бодлоо өөрчилж байдаг хүн шүү дээ” гэж асуухад “Бид зөвхөн Трампын талаар бус АНУ-ын талаар ярьж байна. Бид бүгдээрээ л тодорхой хугацаатай томилогдсон ерөнхийлөгч нар. Бид 30 жилийн ч юм уу аюулгүй байдлын баталгаа хүсч байгаа. Улс төрийн элитүүд өөрчлөгдөнө, удирдагчид ч өөрчлөгдөнө. Аюулгүй байдлын баталгааны асуудлаар Конгресст санал хураалт явуулах шаардлагатай. Зөвхөн ерөнхийлөгчөөс хамаарахгүй. Яагаад гэвэл ерөнхийлөгч солигдсон ч институци өөрчлөгдөхгүй” гэж хариулжээ.
Өөрөөр хэлбэл, Дональд Трамп найдваргүй байж болох ч тэр үүрд тэнд байхгүй гэсэн санааг Зеленский хэлсэн байна.
Дашрамд дурдахад, Украины ерөнхийлөгчийн сонгууль 2024 онд болох байсан ч дайны цагийн хуулиас шалтгаалаад болоогүй. Трамп энэ зундаа багтаад Украинд сонгууль явуулахыг шаардаж буй. Гэсэн атлаа Орост ийм шаардлага тавихгүй байгааг “BBC”-ийн сэтгүүлч онцолжээ. Удахгүй болох магадлалтай сонгуульд нэр дэвших эсэхээ тодорхой шийдээгүй байгаагаа Зеленский хэлсэн байна. Мэдээж сонгууль явуулахын тулд Украинд нэн тэргүүнд аюулгүй байдлын баталгаа шаардлагатай байгаа юм.
“Сонгууль явуулах нь дайныг зогсоох нөхцөл мөн юм бол ямар ч асуудал алга” гэдгийг Зеленский хэлжээ.
Зеленскийн засгийн газар өнгөрсөн онд авлигын дуулиан шуугианд багагүй өртсөн. Түүний хамгийн ойрын зөвлөх хүртэл авлигын хэргээр огцорсон. Гэсэн хэдий ч Зеленский баруун Европын зарим удирдагчийн хувьд хүсээд ч хүрэмгүй тийм их нэр хүндтэй хэвээр байгаа аж.
Тэрбээр ярилцлагын ихэнх хэсэгт украинаар ярьж байгаад төгсгөл хэсэгт англиар хэсэг ярьжээ.
Сэтгүүлч түүнээс эцэст нь “Таны хэлсэн яриснаас үзвэл бид илүү удаан үргэлжлэх дайнд бэлтгэлтэй байх хэрэгтэй бололтой?” гэж асуужээ. Зеленский хариуд нь “Үгүй, үгүй, үгүй шүү. Зэрэгцээ хоёр зам бий. Бид зөвхөн Оростой биш өөр олон удирдагчтай шатар тоглож байна. Цорын ганц зөв нүүдэл гэж энд байхгүй. Маш олон зэрэгцээ алхам, зэрэгцээ чиглэлүүдээс сонголт хийх шаардлага тулгарч байна. Энэ олон арга замын аль нэг нь л амжилтад хүргэнэ гэж найдаж байна. Бидний хувьд амжилт гэдэг бол Путиныг зогсоох явдал” гэжээ.
“Гэхдээ Владимир Путин дайныг зогсоох юм уу? Асар их дарамт шахалтад ордоггүй л юм бол үгүй юм биш үү?” гэж сэтгүүлч асуухад “Тийм, бас үгүй. Харж л байя. Тэр дайнаа зогсоохыг хүсэхгүй байгаа, гэлээ гээд энэ нь зогсоохгүй гэсэн үг ч бас биш. Бурхан өршөөг. Бурхан өршөөх болтугай, бид амжилтад хүрнэ ээ. Баярлалаа” гэж Зеленский хариулжээ.
Тэрбээр энэ үгээр ярилцлагаа төгсгөөд, зураг авхуулж, хэвлэлийнхэнтэй гар барисны эцэст өрөөг орхин гарчээ.