Орос, Украин, АНУ-ын энхийн хэлэлцээний хоёрдугаар үе Абу Дабид Пүрэв гаригт /2026.02.05/ өндөрлөлөө. Хэлэлцээний үр дүнд талууд хоригдол солилцохоор тохиролцсон гэх ба өөр дорвитой шийдэл гарсан эсэх нь тодорхойгүй. Цагаан ордны хэлэлцээч Стив Виткоффын хэлснээр талууд 314 хоригдол солилцох болжээ. Энэ нь сүүлийн таван сарын хугацаанд хийсэн анхны хоригдол солилцоо юм.
Ирэх долоо хоногуудад ч нэмэлт ахиц дэвшил гарах төлөвтэй байгааг Стив Виткофф хэлжээ.
Абу Дабигийн хэлэлцээнд Оросын талаас цэргийн тагнуулын дарга Игорь Костюков болон тагнуулын бусад ахлах албан тушаалтан оролцсон. Харин АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Стив Виткоффоос гадна Трампын хүргэн Жаред Кушнер, АНУ-ын Армийн нарийн бичгийн дарга Даниел Дрисколл, НАТО-гийн Холбоотны дээд командлагч Алекс Гринкевич нар багтсан байна.
Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Кирилл Дмитриевийн хэлснээр Абу Даби хотноо АНУ, ОХУ-ын хооронд тусдаа өөр хэлэлцээ ч болжээ. Энэ нь хоёр улсын эдийн засгийн харилцааг сэргээх зорилготой хэлэлцээ байсан бөгөөд амжиллтай болсон гэлээ.