Японы эзэн хаан Нарүхитогийн төрсөн өдөр тохиож байна

Японы эзэн хаан Нарүхито өнөөдөр (2026.02.23) 66 нас хүрлээ. Тэрбээр төрсөн өдрийнхөө өмнө Токио дахь Эзэн хааны ордонд сэтгүүлчидтэй уулзаж, мэдэгдэл хийжээ.

Энэ жил 2011 онд болсон Японы их газар хөдлөлтийн 15 жилийн ой, 2016 оны Кумамотогийн газар хөдлөлтийн 10 жилийн ой тохиож байна. Эзэн хаан эдгээр гамшиг асар их хохирол учруулсныг бодохоор одоо ч зүрх өвддөг гэж хэлжээ. Мөн сэргээн босголт урагшилж байгаа ч хүмүүсийн амьжиргаа, орон нутгийн сэргэлттэй холбоотой асуудлууд үлдсэн гэжээ. Ойр дотнын хүмүүсээ алдсан, амьдрал нь ихээр өөрчлөгдсөн хүмүүсийн шарх аниагүй хэвээр байна гэж эзэн хаан Нарүхито онцлон тэмдэглэсэн байна. Мөн гамшигт өртсөн бүсүүдэд залуу үеийнхэн хойч үедээ туршлага, сургамжаа өвлүүлэхээр ажиллаж байгааг сонссон гэв.

Улмаар ирээдүйд гарч болзошгүй Нанкай хотгорын газар хөдлөлт болон нийслэлийн бүсэд шууд нөлөөлөх газар хөдлөлтөд бэлтгэлтэй байх нь чухал гэдгийг онцолсон байна.

Эзэн хаан Нарүхито охин Айко гүнжийн талаар дурдсан байна. Гүнж өнгөрсөн жил анхны албан ёсны гадаад айлчлалаа Лаос улсад хийсэн. Эзэн хаан охиноо илүү их туршлага хуримтлуулж, талархалтай, хүндэтгэлтэй хандлагатайгаар эзэн хааны гэр бүлийн үүргээ биелүүлээсэй гэж хүсэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн тэрбээр эцэг эх болох Акихито болон Мичико нарыг дурджээ. Тэд дайн дажны асуудалд нухацтай хандаж, энх тайвныг эрхэмлэж ирснийг гүнээ хүндэтгэдэг тухайгаа Нарүхито хэлсэн бөгөөд урт насалж, эрүүл энх байгаасай гэж хүссэн байна.

Эцэст нь эзэн хаан Нарүхито нийгэм их өөрчлөгдөж байгааг онцолсон. Төрөлт буурах, хүн ам хөгшрөх, уур амьсгалын өөрчлөлт, гамшиг олшрох, халдварт өвчний эрсдэл нэмэгдэх, хиймэл оюун ухаан зэрэг шинжлэх ухааны хөгжил зэрэг олон сорилт тулгарч байна. Тиймээс цаг үеийн өөрчлөлтийг зөв ойлгож, үүнд тохирсон үүргээ гүйцэтгэх нь чухал гэж тэрбээр мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн