Мексикийн хамгийн том картелийн толгойлогчийг устгажээ

Мексикийн тусгай хүчин Ням гаригт (2026.02.22) “Jalisco New Generation Cartel” (CJNG)-ийн хамтран үүсгэн байгуулагч бөгөөд толгойлогч Эль Менчо хочит Нэмэсио Осегуэра Сервантесийг устгажээ. Түүний удирдлага дорх “CJNG” нь сүүлийн жилүүдэд Мексикийн хамгийн том картель гэж тооцогдож байв. Хэдийгээр энэ бүлгэм нь одоо шоронд хоригдож буй Хоакин “Эль Чапо” Гузманы “Sinaloa” картелиас олон улсад тийм ч алдартай биш ч аймшигт хүчирхийлэл, цэргийн хэв маягтай том зэвсгүүдтэй гэдгээрээ танигдсан. “CJNG” нь Мексикийн Жалиско мужаас гаралтай бөгөөд өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг хар тамхины бүлэглэл юм. Тэд цэрэг, цагдаа руу довтлох, тэр дундаа цэргийн нисдэг тэргийг пуужингаар унагах зэрэг маш хэрцгий ажиллагаа явуулж байсан. Мөн дроноор тэсрэх бодис хаях, газарт мина суурилуулах аргыг ашигласан анхдагчдын нэг гэж тооцогддог. Тус бүлэглэлийн толгойлогч 59 настай Эль Менчо өмнө нь цагдаагийн алба хашиж байсан.

2015 онд түүнийг баривчлах оролдлого бүтэлгүйтэж, бүлэглэлийнхэн армийн нисдэг тэргийг пуужингаар буудаж унагасан байдаг.

“CJNG” нь 2020 онд Мехико хотын төвд тухайн үеийн цагдаагийн дарга болох одоогийн холбооны аюулгүй байдлын сайд Омар Хамид Гарсиа Харфуч руу гранат, хүчтэй буугаар халдах оролдлого хийж байсан удаатай. Аюулгүй байдлын шинжээч Эдуардо Герреро 2021 онд хэлэхдээ, АНУ болон Мексикийн эрх баригчид энэ бүлэглэлийг үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хүч гэж үздэг гэжээ. Тэд их хэмжээний мөнгө, орчин үеийн зэвсэг, цэргийн зохион байгуулалттай бүлэг бөгөөд техник хэрэгслээрээ жижиг, дунд хотуудад байх орон нутгийн цагдаагийн байгууллагыг амархан дийлж чадна гэж анхааруулсан.

АНУ-ын Мансууруулах бодистой тэмцэх алба (DEA) “CJNG”-ийг “Sinaloa” картельтай ижил хэмжээний нөлөөтэй гэж үздэг. Тэд АНУ-ын бүх 50 мужид нөлөөтэй бөгөөд кокаин, фентанил, метамфетамины гол нийлүүлэгчдийн нэг юм. Харин “Sinaloa” картель сүүлийн үед удирдагчид нь болох Исмаэль Замбада Гарсиа болон Эль Чапо нар АНУ-д баригдсанаас хойш дотоодын ямар ч зөрчилдөөнд суларч, хүчээ алджээ.

Эль Менчо нь Мичоакан мужийн Агуилилья хотоос гаралтай. 1990-ээд оноос хар тамхины наймаанд оролцож эхэлсэн.

АНУ-д амьдарч байхдаа буюу 1994 онд Калифорнийн хойд дүүргийн шүүхэд героин тараах хуйвалдаанд буруутгагдан бараг гурван жил шоронд хоригдсон. Суллагдсаныхаа дараа Мексикт буцаж ирээд хар тамхины толгойлогч Игнасио Коронел Виллареалтай хамтран ажиллажээ. Түүнийг нас барсны дараа Эль Менчо болон Эль 85 хочит Эрик Валенсиа Салазар нар 2007 оны орчимд “CJNG”-ийг байгуулсан. Эхэндээ тэд “Sinaloa” картелийн төлөө ажиллаж байсан ч дараа нь салж, олон жилийн турш Мексик даяар газар нутгийн төлөө тэмцэлдсэн. Эль Менчо нь олны өмнө гарахаас зайлсхийдэг, маш нууцлаг нэгэн байв. Түүний зураг, дүрс бичлэг ч цөөн байдаг бөгөөд цагдаагийн хүчнээс эмээдэггүй байсан аж. 2017 оноос хойш түүнийг АНУ-ын Колумбийн тойргийн дүүргийн шүүхэд хэд хэдэн удаа яллагдагчаар татсан. 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд гаргасан хамгийн сүүлийн яллах дүгнэлтээр түүнийг АНУ руу хууль бусаар оруулах зорилгоор хар тамхи нийлүүлэх хуйвалдаанд оролцсон, мөн хар тамхины хэрэгт галт зэвсэг ашигласан, томоохон гэмт хэргийн сүлжээг удирдсан хэмээн буруутгасан байна.

Түүнийг Жалиско мужид явуулсан тусгай ажиллагааны үеэр дор хаяж зургаан хамсаатных нь хамт устгасан байна.

Зарим нь газар дээрээ, зарим нь нийслэл рүү нисдэг тэргээр тээвэрлэгдэх замдаа нас баржээ. Эль Менчог устгасны дараа олон мужид эмх замбараагүй байдал үүссэн. “CJNG”-ийн гишүүд зам дээрх машинуудыг шатааж, авто замуудыг хаасан. Наад зах нь найман мужид ийм “нарко” зам хаалт гарсан байна. Жалискогийн нийслэл Гуадалахара хотод айдас, эмх замбараагүй байдал бий болжээ. Учир нь нисэх буудал, гудамж талбай, иргэний орон сууц зэрэг газарт “CJNG”-ийн гишүүд галт зэвсэг ашиглаж, тэсрэх бөмбөг дэлбэлж, галдан шатаах ажиллагаа явуулсан. Энэ нь Эль Менчог хөнөөсний хариу гэж шинжээчид үзэж байна.

Албан мэдээллээр, тусгай ажиллагааны үеэр цэргүүд халдлагад өртөж, буудалцаан болсон. Амиа алдсан цэргүүдийн дунд Үндэсний гвардын гишүүд ч байв.  АНУ-ын эрх баригчид энэхүү ажиллагаанд тагнуулын мэдээллээр дэмжлэг үзүүлсэн гэж мэдэгдсэн байна. “DEA” өмнө нь Эль Менчог баривчлахад 15 сая ам.долларын шагнал амласан байсан. Жалиско мужийн захирагч Пабло Лемус Наварро иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриалаад байна. АНУ болон Канадын засгийн газрууд ч мөн өөрсдийн иргэдэд анхааруулга гаргажээ. Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум нөхцөл байдалд хяналт тавьж байгаа, ихэнх нутагт хэвийн байдал үргэлжилж байна гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Мексикийн хамгийн том хар тамхины бүлэглэлийн тэргүүн устгагдсаны дараа улс даяар хүчирхийлэл, зам хаалт, эмх замбараагүй байдал гарсан хэвээр байна.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн