Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад тархаад буй эболагийн халдварын дэгдэлт тус улсын түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн халдварт өвчин болов. Нас барсан хүний тоо 2,325-д хүрсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ. Тус улсын нийгмийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, эболагийн халдварын 4,945 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байна.
Ингэснээр 2018-2020 оны дэгдэлтийн үеийн 2,299 нас баралтын үзүүлэлтийг давжээ.
Энэ удаагийн дэгдэлт нь ховор тохиолддог Бундибужио омгийн эболагийн вирусээр үүсгэгдсэн. Тавдугаар сарын 15-нд Бундибужио омгийн эболагийн вирус гэдгийг албан ёсоор зарласан юм. Гэвч вирус хэдэн сарын турш илрэлгүй тархсан байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Дэгдэлт ийнхүү хурдтай тархсан нь өвчнийг хожуу илрүүлсэн. Халдварын хавьтлыг тогтоох тогтолцоо ачааллаа дийлэхгүй болсон болон эрүүл мэндийн байгууллагад итгэх иргэдийн итгэл буурсантай холбоотой гэж үзэж байна.
Одоогийн байдлаар нас баралтын түвшин ойролцоогоор 47 хувь байгаа. Энэ нь өвчнийг хожуу оношилж, эмчилгээний төвүүдэд хүрэхээс өмнө олон хүн нас барж байгааг харуулж байна. Нийт халдварын 60-80 орчим хувь нь өмнө нь бүртгэгдсэн хавьтлын сүлжээнээс гадуур илэрч байгаа нь халдварыг хянахад хүндрэл учруулж байгаа гол шалтгаан.
Нөхцөл байдлыг улам хүндрүүлж буй хүчин зүйлсийн нэг нь тус улсын зүүн хэсэгт үргэлжилж буй зэвсэгт мөргөлдөөн юм. Эрүүл мэндийн ажилтнуудын цалин хөлс саатсан, эмнэлгийн ажилтнуудын ажил хаялт үргэлжилсэн, эмнэлгийн байгууллагуудад халдлага гарсан зэрэг нь өвчтөнүүдийг цаг алдалгүй илрүүлж, эмчлэх боломжийг хязгаарлаж байна. Мөн халдварын талаарх ташаа мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагад үл итгэх байдал нь иргэдийг эмчилгээний төвүүдэд хожуу хандахад хүргэж байна.
НҮБ болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд халдварын тархалтыг хязгаарлахын тулд тусламжийн үйл ажиллагаагаа эрчимжүүлэх болсон.
Тус байгууллагаас эболагийн дэгдэлттэй тэмцэхэд зориулан 30.5 сая ам.долларын нэмэлт санхүүжилт гаргаж, газар дээрх хариу арга хэмжээнд нэмэлт ажилтан, нөөц дайчлаад байна.
Энэ удаагийн дэгдэлт нь Конго улсын 17 дахь эболагийн дэгдэлт юм. Бундибужио омгийн эболагийн эсрэг одоогоор батлагдсан вакцин, эмчилгээ байхгүй боловч хоёр төрлийн вакцины эмчилгээний чадварыг судлах клиник туршилтууд эхлээд байна. Үүнээс өмнө Баруун Африкт 2014-2016 онд гарсан эболагийн дэгдэлт тивийн түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн гэж бүртгэгдсэн байдаг.