Эболагаар нас барсан хүнийхээ цогцсыг авна гэж уурлан, эмнэлгийн майхныг галджээ

Конго улсад эбола вирусийн халдвараас нас барсан эрэгтэйн цогцсыг оршуулахаар авч явахыг хориглосон тул уурлаж хилэгнэсэн гэр бүлийнхэн нь дэгдэлтийн голомтод барьсан эмнэлгийн майхнуудыг шатаажээ. Рвампара ерөнхий эмнэлгийн майхнуудыг шатаасан эл үйл явдлыг гэрчилсэн улстөрч Лус Малембе Малембе ярихдаа “Тэд эмнэлэг рүү сум харваж эхэлсэн. Бас тусгаарлалтын зориулалттай майхнуудыг галдсан” гэв.

Эболагаар нас барсан хүний цогцос халдвар тараах өндөр эрсдэлтэй тул үүнээс сэргийлж оршуулгын аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлагатай юм.

Иргэдийн халдлагаас болж эмнэлгийн ажилтан гэмтэж бэртжээ. Цагдаа хүчнийхэн ирж эмнэлгийн ажилтнуудыг хамгаалалтад аван, халдлагыг намжаасан байна.

Тухайн нас барсан эрэгтэй нь нутаг орондоо алдартай нэгэн байсан тул хүмүүс аюул эрсдэлийг үл огоорон, түүний цогцсыг авахаар зүтгэсэн нь энэ аж. Гэрчийн мэдээлснээр, тухайн эрэгтэй нь хөлбөмбөгчин бололтой. Харин нас барсан эрэгтэйн ээж нь хүүгээ эболагаар бус хижигээр нас барсан гэж үзэж байна.

Халдлагын гэрч болсон Лус Малембе Малембегийн хэлснээр зүүн Конгод эболагаар 130 гаруй хүн амиа алдчихаад байхад хүртэл хүмүүс бодит байдалд итгэхгүй байгаа аж. Энэ нь хүн амын нягтаршилтай холбоотой. Өөрөөр хэлбэл, алслагдмал бүсүүдэд хүмүүс мэдээлэлгүй байна, тэд эболаг огт байхгүй зүйл, гадныхны зохиосон зүйл гэж итгэж байна. Төрийн бус байгууллагууд болон эмнэлгүүд энэ өвчнөөр шалтаглан мөнгө олж байна гэж ард иргэд үзэж байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн