Конгод Эбола вирусийн халдвартай 300 хүний ​​​​байршил тодорхойгүй байна

Конго улсад Эбола вирусийн халдвар авсан нь батлагдсан бараг 300 хүний байршил тодорхойгүй байгаа талаар Африкийн эрүүл мэндийн тэргүүлэх байгууллагын албан тушаалтан мэдэгдлээ. Өвчин гарсан бүс нутагт үргэлжилж буй мөргөлдөөний улмаас нэг сая гаруй хүн дүрвэгсдийн хуаранд амьдарч байгаа бөгөөд эрүүл мэндийн ажилтнууд тэдгээр хуаранд аюулгүй нэвтэрч чадахгүй байна.

ДЭМБ-ын тооцооллоор, есдүгээр сарын дунд гэхэд Эболагийн 8210 орчим тохиолдол бүртгэгдэж, 1420 хүн нас барж болзошгүй байна. Мөн халдвар ойрын долоо хоногуудад Өмнөд Судан руу тархах 70 хувийн магадлалтай гэж үзжээ.

Одоогийн байдлаар Конгод 1118 батлагдсан тохиолдол, 291 нас баралт бүртгэгдсэн байна. Харин хөрш Угандад 20 тохиолдол, хоёр нас баралт бүртгэгджээ. Франц улс өнгөрөгч долоо хоногт Конгод ажиллаж байсан нэг эмч эх орондоо буцаж ирсний дараа Эбола вирусийн халдвартай нь тогтоогдсоныг зарласан. Түүний ажилладаг байгууллага нь эмчийг халдвар хэрхэн авсныг шалгаж байна.

Албаныхны мэдээлснээр, халдвар нь батлагдсан 297 хүний байршил тодорхойгүй байгаа нь өвчний тархалтыг зогсооход хүндрэл учруулж байна.

Эболагийн тархалтыг хязгаарлахын тулд Конго улсын засгийн газар халдвар гарсан мужуудад байсан хүмүүсийг өөр муж, улс руу явахаасаа өмнө 21 хоног карантинд байх ёстой болсныг мэдэгджээ. Энэ удаагийн дэгдэлт нь Эбола вирусийн Бундибугё омгоос үүдэлтэй юм. ДЭМБ-ын мэргэжилтнүүдийн хамгийн бодитой таамгаар есдүгээр сарын 16 гэхэд 6636-10.287 тохиолдол бүртгэгдэж магадгүй.

Эсвэл 66 мянга хүртэл тохиолдол гарах эрсдэлтэй гэж анхааруулж байна.

Шинээр бүртгэгдэж буй өвчтөнүүдийн 30 орчим хувь нь өмнө нь халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал байв. Энэ нь вирус олон нийтэд өргөн тархаж байгааг харуулж байна. Үүнийг хянахын тулд эрх баригчид орон нутгаас 20 мянган эрүүл мэндийн ажилтан шинээр ажиллуулах төлөвлөгөөтэй байна. Эболагийн эмчилгээний төвүүдийн орны ашиглалт 95 хувьд хүрсэн бөгөөд дэгдэлт хараахан оргил үедээ хүрээгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Мөргөлдөөний улмаас дүрвэгсдийн хуаранд эрүүл мэндийн ажилтнууд нэвтэрч чадахгүй байгаа нь халдвартай хүмүүсийг илрүүлэх, ойрын хавьтлыг тогтоох ажлыг саатуулж, өвчнийг хянахад ихээхэн хүндрэл учруулж байна.

Африкийн “CDC” болон ДЭМБ-ын тооцоогоор эрүүл мэндийн арга хэмжээ болон хүмүүнлэгийн тусламжид нийт 1.4 тэрбум ам.доллар шаардлагатай. Гэвч амласан санхүүжилтийн ердөө 13 хувь нь л одоогоор олгогдоод байна. Гэсэн хэдий ч ирэх долоо хоногт Конгод Бундибугё омгийн Эболаг эмчлэх эмийн анхны эмнэлзүйн туршилт эхэлнэ. Дараагийн долоо хоногт халдвартай хүмүүстэй хавьтал болсон хүмүүсийг өвчлөхөөс сэргийлэх вирусийн эсрэг эмийн туршилт мөн эхлэхээр төлөвлөжээ.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн