Жаред Кушнер Израильд айлчилж байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Ойрхи дорнодын асуудал хариуцсан элч Жаред Кушнер Израильд айлчилж байна. Тэрбээр өнөөдөр /2026.08.17/ Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхутай уулзах төлөвтэй байна. Уг айлчлалын өмнөхөн Жаред Кушнер Газын энх тайвны төлөвлөгөөг АНУ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэхээр Хамастай шууд яриа хэлэлцээ хийсэн билээ.

Хамас болон Газын бусад зэвсэгт бүлгүүд бүрэн зэвсгээ хураах талаар тохиролцоонд хүрсэн гэж Трампын байгуулсан Энхийн зөвлөл өнгөрсөн сард мэдэгдсэн.

Харин Израиль өнгөрсөн долоо хоногт Трампын 15 зүйл бүхий төлөвлөгөөг хүлээн авахаас татгалзжээ. Уг төлөвлөгөөнд Израилийн цэргүүдийг бүс нутгаас гаргах, Газын зурвасыг Палестины шинэ иргэний захиргааны дор сэргээн босгох асуудлыг тусгасан байв. Израиль энхийн төлөвлөгөөнөөс татгалзсан явдлуудыг исламын шашинтай найман улс буруутган Ням гаригт мэдэгдэл гаргажээ.

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн хувьд аравдугаар сард болох хүндхэн сонгуулиар эрх мэдлээ хадгалж үлдэх сорилттой тулгараад буй. Түүний эвслийн бүрэлдэхүүнд Газын асуудлаар илүү хатуу байр суурь баримталдаг сайдууд бий. Үүний зэрэгцээ израильчуудын олонх нь Хамасыг зэвсгээ хураахад үнэхээр бэлэн эсэхэд эргэлзэж байна.

Жаред Кушнерын Хамастай хийсэн уулзалтад энх тайвны хүчин чармайлтад зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Египет, Катар, Туркийн төлөөлөгчид байлцжээ. Хэлэлцээний талаар албан ёсны мэдэгдэл гараагүй байгаа ч талууд Хамасын зэвсгийг бүрэн устгах бодит алхмууд, Израилийн цэргийг гаргах болон хүмүүнлэгийн тусламжийн асуудлыг голлон хэлэлцсэн бололтой.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн