Их Британи улс Украины хямралыг санаатай хурцатгаж байна гэв

Украины арми Оросын нутаг дэвсгэр дэх байнуудыг онилохдоо Их Британид үйлдвэрлэсэн дронуудыг ашигласан нь батлагдсан. Энэ үйлдлээрээ Их Британи улс Украины хямралыг санаатайгаар хурцатгаж байна гэж Орос буруутгав.

Их Британи дахь ОХУ-ын Элчин сайдын яам албан мэдэгдэлдээ “Энэ үйлдлээрээ Их Британи цуст гэмт хэрэг, террорист халдлагын хамсаатан, хамтран үйлдэгч болж байна. Тэдний хийсэн үйлдлийн үр дагавар зайлшгүй гарч, үүнийхээ төлөө хариуцлага хүлээх болно. Мөргөлдөөнд хэдий чинээ гүнзгий оролцоно, төдий чинээ төлөөс нь өндөр байх болно” гэжээ.

Их Британийн Батлан хамгаалах яам хариуд нь “Бид Украинтай хамт” гэсэн мэдэгдлийг хийсэн байна. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “ОХУ өөрсдийнх нь түрэмгийллийн эсрэг зогсч буй засгийн газрын шийдэмгий байр сууринд эргэлзэх хэрэггүй. Их Британи улс Украиныг Оросын хууль бус халдлагаас хамгаалахад шаардагдах тоног төхөөрөмжөөр хангах үүрэг хүлээсэн” гэжээ.

Украины арми Британийн хоёр компанийн үйлдвэрлэсэн дронуудаар Оросын нутаг дэвсгэрт халдаж байгаа гэж үзэж байна. Тэр дундаа Оросын цэрэг, аж үйлдвэрийн байнуудад амжилттай халджээ. Үүнд, Оросын “Amazon” гэгддэг “Wildberries”-ийн халдлага ч багтана. Цэргийн эх сурвалжийн мэдээлснээр, Их Британийн дронууд эсрэг талдаа 35 тэрбум еврогийн эдийн засгийн хохирол учруулжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн