Эбола эргэн ирэхэд нөлөөлж буй хүчин зүйлс

Конго болон Уганда улсад эболагийн сэжигтэй тохиолдлын тоо 600 хүрч, 139 хүн нас бараад буйг ДЭМБ саяхан мэдээлсэн. Энэ асуудлаар ДЭМБ-ын Онцгой байдлын хороо тавдугаар сарын 20-нд Женевт хуралдсан. Хуралдааны үеэр ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус эболагийн дэгдэлт цар тахлын түвшинд хүрээгүй байгааг баталсан юм.

Конго улсын эрх баригчдын мэдээлснээр эболаг хяналтдаа авахын тулд мэргэжлийн багууд шаргуу ажиллаж байна. Энэ хүрээнд Африкийн өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэргэжилтнүүдийн баг энэ долоо хоногт Буниа хотод ажиллаж байгаа аж.

ЭБОЛА ЭРГЭН ЭРГЭН ИРДЭГ ШАЛТГААН

Конго улсад хамгийн анх 1976 онд эболагийн дэгдэлт бүртгэгдэж байсан. Үүнээс хойш 17 дахь дэгдэлт ийнхүү бүртгэгдэж байна. 2018-2020 оны хооронд Конгогийн зүүн хэсэгт гарсан дэгдэлтээр 1000 гаруй хүн нас барж байв.

Ерөнхийд нь харвал тус улсад дунджаар гурван жил тутамд нэг удаа Эбола дэгджээ.

Конгод эбола дахин дахин дэгдэж байгаа нь тус улсын эрүүл мэндийн тогтолцоо хэчнээн хэврэг, ядуурал ямар өндөр түвшинд байгааг харуулна. Үүний зэрэгцээ зэвсэгт мөргөлдөөн байнга шахуу үргэлжилсээр байгаа нь үхлийн аюултай өвчинд онцгой өртөмтгий байдаг нэг шалтгаан нь юм.

2018-2020 оны дэгдэлтийн үеэр эболатай тэмцэж ажилласан эмч Франсин Мбона Пендезагийн хэлснээр хүнсний аюулгүй байдал алдагдсан, цэвэр ус хомсдсон, эрүүл мэндийн тогтолцоо сул зэрэг нь халдвар дахин дахин дэгдэх гол шалтгаан аж. Тэрбээр “Манай ард иргэд түүхий эсвэл дутуу болгосон хоол иддэг зуршилтай. Бүрэн болоогүй мах шарж иддэг нь нян үржих нөхцлийг бүрдүүлж, өвчин дэгдэхэд хүргэдэг. Өөр нэг хүчин зүйл нь цэвэр усны хүртээмж. Конгогийн хувьд энэ бол эмзэг асуудал. Мөн алслагдсан бүсийн эмнэлгүүдэд хүрэхэд маш хэцүү байдаг нь нэг шалтгаан мөн. Арай гэж яваад очиход тэнд нь мэргэжлийн бус ажилтнууд байх нь бий” гэжээ.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖ

Конго улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чанаргүй, хүртээмжгүй байгаа нь халдварт өвчин дахин дахин дэгдэх шалтгаан болж байгаа юм. Өвдсөн хүн олигтой эмчилгээ авч чадахгүй болохоор дараагийн хүнд маш амархан халдварлаж байна. “Бусад оронд эмнэлгийн тусламж үнэгүй байдаг. Харин энд бүх зүйл үнэтэй. Мөнгөгүй хүн эмчилгээ авч чаддаггүй, орондоо хэвтэж байхдаа бусдад халдвар тараах эрсдэлтэй” гэж Франсин Мбона Пендеза эмч хэлжээ.

Конгогийн эрх баригчид эболагийн 16 дахь дэгдэлт дууссаныг ердөө саяхан буюу 2025 оны арванхоёрдугаар сард зарласан байдаг. Харамсалтай нь, ийнхүү таван сар ч бололгүй дараагийн дэгдэлтийг зарлаж байна.

Түүнчлэн 40 хоногийн өмнө сармагчны цэцэг өвчний дэгдэлт дууссаныг эрх баригчид зарлажээ. Гэвч тус өвчин дахин сэргэх эрсдэл байсаар байгааг эрүүл мэндийн албаныхан мэдээлж, сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулсан.

Үндсэндээ эрүүл мэндийн тогтолцоо сул байдаг нь аливаа халдварт өвчин дахин дахин дэгдэх шалтгаан болдогийг мэргэжлийнхэн хэлж байна. Иймд хүн амд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх дадал хэвшлийн талаар тасралтгүй боловсрол олгох бодлого боловсруулах шаардлагатай юм. Конго улсын нутаг дэвсгэр том учир анхан шатны тусламжийн хүртээмжийг сайжруулахын тулд эрүүл мэндийн байгууллагуудыг иргэдэд илүү ойртуулах хэрэгтэй. Ядуурал болон эмийн хомсдол асуудлыг улам даамжруулж байна.

ӨВЧИН ҮҮСГЭГЧ ОРЧИН

Конгод халдварт өвчин ахин дахин дэгддэг бас нэг шалтгаан бол байгаль орчин. Өөрөөр хэлбэл, зөвхөн нийгэм, эдийн засгийн бүтэц төдийгүй байгаль орчин ч үүнд хамаатай.

Конго бол дэлхийн хоёр дахь том халуун орны ойтой улс. Энэ нөхцөл нь вирус, бактер үржих таатай байгалийн орчин юм. Ой мод устаж, хөдөө аж ахуй тэлэн, ан агнуур өргөжин дэлгэрэх болсноор хүмүүс вирус тээгч амьтадтай хамгаалалтгүй шууд харьцах болж. Энэ нь эбола, сармагчны цэцэг зэргийн тархах нөхцлийг бүрдүүлдэг.

Үүний зэрэгцээ вакцинжуулалтын түвшин бага байдгийг ч эмч нар онцолж байна.

Харин геополитик талаас авч үзвэл зүүн Конгод гарч буй халдварт өвчнүүдийг зэвсэгт мөргөлдөөн, аюулгүй байдалгүй байдал үргэлжилсний үр дагавар гэдэг. Хүмүүс дайн тулаанд анхаарлаа төвлөрүүлээд эрүүл мэнд зэрэг бусад салбар байдгийг мартчихдаг гэхэд болно. Ард иргэд ерөнхийдөө ДЭМБ болон бусад төрийн бус байгууллагын дэмждэг эрүүл мэндийн үйлчилгээнд найдах хандлагатай байдаг. Гэвч бодит байдал дээр тэдгээр байгууллага нь дайн дажинтай нөхцөлд хүссэнээрээ хөтөлбөрөө хэрэгжүүлж чаддаггүй ажээ.

ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн