“Япон НАТО-оос ялгаатай нь Ираны асуудалд нухацтай хандаж байна”

Японы ерөнхий сайд Санаэ Такаичи АНУ-д айлчилж байна. Энэ үеэр Дональд Трамп “Японыг НАТО-ийн холбоотнуудтай адилгүй нь Ираны асуудалд нухацтай хандаж байгаа гэж итгэж байна” гэжээ. Тэрбээр АНУ-Израилийн цэргийн кампанит ажлыг дэмжихгүй байгаа холбоотнуудыг шүүмжлэхийн зэрэгцээ бидэнд тусламж хэрэггүй гэж бухимдсан билээ.

Трамп өнгөрсөн сард Такаичигийн ялалтыг түүхэн дээд амжилт гэж нэрийдсэн юм. Мөн түүнийг Цагаан ордонд айлчлахыг уриад, худалдаа болон бусад асуудлын талаар ярилцана гэжээ.

Трамп хэлэхдээ “Бид бүх зүйл дээр Японтой харилцаатай байж, асар их дэмжлэгийг нь авсан. Өчигдөр, өнөөдрийн мэдэгдлүүдийг хараад байхад тэд НАТО-оос ялгаатай нь үнэхээр урагшилж байна. АНУ-аас Японд үзүүлж буй дэмжлэг болон тэнд байршуулсан олон арван мянган цэргийг харгалзан Япон улс ямар нэг алхам хийнэ гэж найдаж байна. Бидэнд тийм ч их зүйл хэрэггүй. Бидэнд ер нь юу ч хэрэггүй. Япон болон бусад улсын зүгээс бидэнд ямар нэг зүйл хэрэггүй. Гэхдээ л улс орнууд ямар нэг алхам хийх нь зүйтэй гэж би бодож байна” гэжээ.

Такаичи дэлхийн эрчим хүчний зах зээлийг тайвшруулах тодорхой саналуудыг Трампад танилцуулсан байна. Мөн Ираныг цөмийн зэвсэгтэй болохыг хэзээ ч зөвшөөрөх ёсгүй гэж хэлжээ. Мөн тэрбээр Ираны Ормузын хоолойд хийсэн халдлагыг буруушааж, зөвхөн Трамп л энх тайванд хүрч чадна гэдэгт итгэж байна гэжээ.

Дашрамд дурдахад, Трамп энэ уулзалтын үеэр 1941 оны Сувдан эргийн халдлагын талаар дурдсан байна. АНУ, Израилийн халдлагын талаар холбоотнуудад яагаад анхааруулаагүй вэ гэж сэтгүүлчид түүнээс асуухад “Бид гэнэтийн бэлгэнд дуртай учир хэнд ч хэлээгүй. Гэнэтийн бэлэг гэж юу байдаг талаар Япон ойлгохгүй бол өөр хэн ойлгох вэ, тийм ээ” гэж хэлжээ. Ингэж хэлснийхээ дараа тэр Такаичи рүү хараад “Та нар Сувдан эргийн талаар яагаад хэлээгүй юм бэ, тийм биз дээ” гэсэн байна.

Такаичи энэ асуултад хариулаагүй бөгөөд суудал дээрээ займчиж, үл ялиг санаа алдсан байна. Тэрбээр үндсэрхэг үзэлтэй гэдгээрээ танигдсан нэгэн. Япон улс өөрсдийгөө хамгаалж л дайтсан, тэгээд Азийн орнуудаас хэтэрхий их уучлалт гуйсан гэж Такаичи өмнө нь хэлж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: KOREA TIMES

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн