АНУ, Япон улс “Genesis Mission” төсөлд хамтарна

Япон улс “AI”, суперкомпьютер ашиглан шинжлэх ухааны судалгаа, технологийн инновацыг хурдасгах зорилготой “Genesis Mission” нэртэй АНУ-ын үндэсний төсөлд нэгдэх болжээ. Ингэснээр уг төслийн анхны олон улсын түнш болж байна.

Төслийн хүрээнд хоёр орны засгийн газрууд таван жилийн хугацаанд тус бүр 500 сая ам.долларын хөрөнгө оруулах болно. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа уг төслийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн юм.

АНУ-ын Эрчим хүчний яам болон Японы боловсрол, шинжлэх ухаан, технологийн яам,  Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яамны төлөөлөгчид Пүрэв гаригт (2026.06.04) Вашингтонд болсон уулзалтын үеэр гэрээнд гарын үсэг зуржээ. Эрчим хүчний яамны шинжлэх ухааны дэд сайд бөгөөд “Genesis Mission”-ийн удирдагч Дарио Гил хэлэхдээ, энэ бол шинжлэх ухааны дараагийн эринийг “тодорхойлох мөч” юм гэсэн байна.

Түншлэлийн хүрээнд АНУ-ын үндэсний лабораториуд болон Рикен, Үндэсний материалын шинжлэх ухааны хүрээлэн зэрэг Японы тэргүүлэх судалгааны байгууллагууд квант мэдээллийн шинжлэх ухаан, атомын эрчим хүч, биотехнологи зэрэг салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ хамтын ажиллагаа нь хоёр орны шинжлэх ухаан, технологийн дэлхийн өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилготой юм.

АНУ болон Японы засгийн газрууд мөн чухал мэдээллийн сан болон оюуны өмчийн хамгаалалтыг хэрхэн хангах талаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Японы боловсрол, шинжлэх ухаан, технологийн яамны бодлогын зохицуулалтын дэд сайд Какита Ясуёши хэлэхдээ, Япон улс судалгаа, хөгжүүлэлтийн замаар олж авсан чанартай мэдээллийн нөөц ихтэй гэжээ. Тэрбээр АНУ-тай хиймэл оюун ухааны хөгжлийн нөөц болон шинэ үр дүнг хуваалцсанаар Японы судалгаа, хөгжүүлэлтийн чадавхыг нэмэгдүүлэх болно гэж найдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн