Хэрэв Тайванийн асуудалд оролцохгүй бол Япон болон АНУ-ын байгуулсан стратегийн эвсэл нуран унах болно гэж Японы ерөнхий сайд Санаэ Такаичи мэдэгджээ. Гэхдээ энэ нь Япон заавал цэргийн ажиллагаанд оролцоно гэсэн үг биш гэдгийг мөн онцолсон байна. Тэрбээр өчигдөр (2026.01.26) үндэсний телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ Хятадын эсрэг хурцадмал байдал үүсгэсэн гэж шүүмжилсэн сөрөг хүчний удирдагчийн асуултад хариулсан байна. Тухайлбал, өнгөрсөн арваннэгдүгээр сард Такаичи “Хятад Тайваньд халдвал Япон цэргийн хариу арга хэмжээ авч магадгүй” гэж хэлсний дараа Япон, Хятадын харилцаа сүүлийн жилүүдэд байгаагүй хэмжээнд муудсан юм. БНХАУ уг мэдэгдэлд хүчтэй хариу үзүүлж, экспортын хязгаарлалт тогтоох, нислэгүүдийг цуцлах зэрэг арга хэмжээ авч, Такаичиг мэдэгдлээ эргүүлэн татахыг удаа дараа шаардаж буй.
Телевизийн нэвтрүүлгийн үеэр Такаичи Хятад болон АНУ Тайванийн асуудлаар мөргөлдвөл Япон тулалдаанд оролцоно гэж хэлээгүй гэдгээ тайлбарласан байна. Хэрэв нөхцөл байдал ноцтой болбол Тайваньд байгаа Япон болон Америкийн иргэдийг авран хамгаалах нь нэн тэргүүний зорилт болно гэж тэр хэлэв. Мөн зарим тохиолдолд АНУ-ын хүчнүүдтэй хамтран хязгаарлагдмал арга хэмжээ авч магадгүйг ч дурдсан байна. Тэрбээр хэрэв Японтой хамтран ажиллаж буй АНУ-ын хүчнүүд халдлагад өртөж байхад Япон юу ч хийхгүй бол эвсэл нуран унах аюултай гэж анхааруулсан.
Гэхдээ ямар ч хариу арга хэмжээ нь Японы одоо мөрдөж буй хуулийн хүрээнд байх болно гэжээ.
Японы энх тайвныг эрхэмлэсэн Үндсэн хууль нь шууд цэргийн ажиллагааг хязгаарладаг ч тус улсын оршин тогтноход аюул учирсан тохиолдолд АНУ зэрэг холбоотон улсаа хамгаалах, хамтын өөрийгөө хамгаалах эрхийг зөвшөөрдөг. Такаичи арваннэгдүгээр сарын мэдэгдлээ эргүүлэн татаагүй бөгөөд энэ нь Японы олон жилийн бодлоготой нийцэж байна гэж мэдэгджээ. Түүнчлэн Хятад түүний үгийг бодит байдлаас гажуудуулан тайлбарласан гэж хэлсэн байна.
2025 оны аравдугаар сард албан тушаалдаа орсноос хойш Такаичи өндөр дэмжлэгтэй хэвээр байгаа бөгөөд нэр хүндээ ашиглах зорилгоор хоёрдугаар сарын 8-нд ээлжит бус сонгууль зарлаад байна.