Японы ерөнхий сайд Санаэ Такаичи АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар өнөөдөр орой /2026.03.18/ Вашингтоныг зорих гэж байна. Тэд ийнхүү хоёр дахь удаагаа уулзах гэж байна. Харин Такаичигийн хувьд ерөнхий сайд болсноосоо хойш анх удаа АНУ-д айлчилж байгаа юм.
Такаичи энэ удаагийн айлчлалаараа АНУ, Японы холбоотны харилцааны ач холбогдлыг онцлох төлөвтэй байна. Мөн аюулгүй байдал, хөрөнгө оруулалт, эдийн засаг зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллах асуудлыг хэлэлцэх аж. Ойрхи Дорнодод үүсээд буй нөхцөл байдлын талаар ч Такаичи байр сууриа илэрхийлэх бололтой. Гэхдээ АНУ-ын талаар ямар нэг хууль эрх зүйн дүгнэлт хийхгүй гэж мэдэгджээ.
Трамп Ормузын хоолойн аюулгүй байдлыг хангахад туслах үйлсэд нэгдэхийг улс орнуудад уриалсан. Такаичи үүний хариуд “Японы засгийн газар хууль эрх зүйн хүрээнд юу хийж болохыг судалж байна” гэжээ.
Түүнчлэн Такаичи Мягмар гаригт /2026.03.17/ Ойрхи Дорнодын асуудлыг Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, Батлан хамгаалахын сайд Койзүми Шинжиро нартай хэлэлцсэн байна. Үүний зэрэгцээ Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчитай утсаар ярьж, Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй хөлөг онгоцнуудын аюулгүй байдалд заналхийлэхээ зогсоохыг хүсчээ.