ИЕРУСАЛИМ, 2026 оны гуравдугаар сарын 19 /Xinhua/. Иран улс уран баяжуулах, пуужин үйлдвэрлэх хүчин чадлаа алдсан гэж Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяху пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.
Түүний мэдэгдсэнээр, эдгээр нь АНУ, Израилын хамтарсан агаарын цохилтын гол гурван зорилгын хоёр нь байсан бөгөөд гурав дахь зорилго болох дэглэмийг унагаах нь одоо Ираны ард түмнээс хамаарна гэжээ.
“Хувьсгалыг агаараас хийдэггүй. Олон хувилбарууд бидэнд байгаа боловч одоогоор задруулахгүй” гэж Б.Нетаньяху хэлжээ.
Персийн буланд орших Ираны байгалийн хийн ордод Израилын тал лхагва гарагт цохилт өгөхдөө АНУ-д урьдчилан мэдэгдээгүй гэж Д.Трамп мэдэгдсэнийг Израилын Ерөнхий сайд хүлээн зөвшөөрсөн байна. “Ерөнхийлөгч Трамп биднээс дараагийн дайралтуудаа түр хойшлуулахыг хүссэн. Түүний хүсэлтийг бид биелүүлж байна” гэж Б.Нетаньяху хэлсэн байна.
Мөн АНУ, Израил хамтран Каспийн тэнгис дэх Ираны тэнгисийн цэргийн флотыг бүхэлд нь устгасныг тэрбээр дурджээ
Одоо өрнөж буй дайн хэдий хүртэл үргэлжлэх тухайд тэрбээр хэлэхдээ “хэдий чинээ хугацаа шаардагдана төдий чинээ урт хугацаанд үргэлжилнэ” гээд, гэхдээ хүмүүсийн бодож байгаагаас хамаагүй хурдан дуусна” гэж мэдэгджээ.
Хэвлэлийн бага хурал болж байх үеэр Иранаас Израил руу пуужин харваж, тус улсын хойд бүс нутгуудад агаарын түгшүүр зарласан байна. Израилын яаралтай тусламжийн албанаас мэдээлснээр, цохилтын улмаас хүний амь нас эрсдээгүй ажээ.