Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан дараах дурсамж тэмдэглэлийг хүргэж байна.
Намайг наймтайд, ээж минь нэг их өвдөж билээ. Одоо санах нь ээ, мартын наймны маргааш, түргэн ирсэн нь тодхон. Аав түргэний машин дагаж, Ах дүү, бид гурав л гэртээ үлдсэнсэн. Тэр үед ах арван хоёртой, дүү дөнгөж гуравтай. Ах “Ээж өвдчихсөн. Гэхдээ удахгүй зүгээр болно. Заа битгий уйл” гээд дүүг аргадна. Нөгөө гурван наст ч мэдсэн, ойлгосон юмгүй мэгшсээр. Би ахынхаа цаана наана гарч “Аав, ээж хэзээ ирэх юм. Ээж яасан юм, юу нь өвдчихөв” гэх мэтээр үргэлж шалгааж төвөг удна. Тэр болгонд л ах минь тээргүйгээр хариулна.”Ийм орой болтол ирэхгүй байхдаа яах вэ дээ. Та залга даа” гэж ахыгаа байн байн шалсансан. Бүүр түүр шөнөөр аав ирсэн. Хий л бэдэрч, бүдэрч алхсаар орон дээр сууж бид гурвыг үнсчхээд “Гурван хүүгийн минь заяа түшээсэй” гэж амандаа шивнэх мэт хэлэхтэй зэрэгцээд нүдэнд нь нулимс дүүрсэнсэн.
Хэр удааныг нь санадаггүй ээ, хэсэгтээ л ах бид гурав өнждөг болов. Гэрийн бараа хүний сүргүй нь тодорхой.
Нагац эгчээсээ ээжийг сэхээнд, их л муу байгаа гэж сонссон би, дотроо “сэхээ гэж юу байдаг юм бол, эмнэлгийн нэр юм байх даа” гэж бодов. Эмээг “Хүүхдүүдээ битгий дагуулж яваарай. Айчихна шүү” гэж хэлэхийг сонсоод л ёстой л айж билээ. Аав эмнэлгээс ирэхээрээ замын хойдох уулын зүг дандаа л мөргүүлдэг болов. Лам, бөө, үзмэрч, христийн сүм ер нь очсоноос нь илүү очоогүйг нь тоолбол амар байх. Ёстой л аврал эрсэн хүнд бол юм бүхэн л аврал мэт харагддаг нь тэр байсан.
Надад ээж байхгүй өдрүүд уртаас урт, хоосноос хоосон.
…Зүүд зүүдлэхээр санана
Зүг зүг рүү харахаар санана
Нар гарахаар санана
Сар гарахаар бас санана
Сар гарахгүй байсан ч санана
Ээжээ санана
Ээж ээ, таныг санана
Хол явахаар санана
Даарахад санана
Дандаа санана…яруу найрагч Б.Эрдэнэсолонгын энэ шүлэг шиг л, ээж л байвал бүх юм болчих юм шиг.
Бурхан гэж байдаг бол ээжийг минь босгоод өгөөч, өөр танаас юу ч хүсэхгүй гэж, залбирах болгондоо чин сүсэлдэг байсан сан. Бурхан гэж байдаг юм байдаг юм билээ. Тэр сонсдог, биелүүлдэг юм байна лээ. Ээж минь ухаан орсон. Өдрөөс өдөрт бие нь тэнхэрч, удалгүй эмнэлгээс гарсан. Тэгсээр жил өнгөрч ээж минь бүрэн эдгэв. Зовох зовлон ардаа жаргах жаргалтай аж. Ээжийг өвдсөний хоёр оны ойн дээр манай гэрт хоёр ихэр охин мэндлэв. Тэд миний хоёр охин дүү. Манайх гэдэг айл долуулаа болж улам өнөр өтгөн болсон.
Амьдралын баян тансгийг магтан дуулаад барахгүй. Өгөхдөө юм бүхнийг өгч чаддаг. Манайх долоон оны өмнө дахин бүл нэмсэн. Одоо манайх наймуулаа.