Домогт Пажеро долоон жилийн дараа эргэн ирлээ

ТОКИО, 2026 оны есдүгээр сарын 3 /Kyodo/. Mitsubishi Motors компани туулах чадвар өндөртэй, бартаат замын Pajero автомашиныхаа шинэ загварыг 7 жил завсарласны эцэст танилцууллаа.

Шинэ Пажерог хүлээн авах эхний зах зээл бол Тайланд бөгөөд Япон, Австралид 2027 оны гуравдугаар сараас худалдаалж эхэлнэ. Үүний дараа Зүүн Өмнөд Ази, Латин Америк, Ойрх Дорнодын 100 орчим улсад борлуулахаар төлөвлөсөн байна.

Мицүбиши компанийн хамгийн алдартай загваруудын нэг бол Пажеро бөгөөд анх 1982 онд үйлдвэрлэж эхэлснээс хойш дэлхий даяар 3 сая 290 мянга гаруй ширхэгийг борлуулжээ. Алсын аялалд явахад тохиромжтой, найдвартай Пажеро 1983 онд болсон олон улсын томоохон уралдаанд өөрийн ангилалд түрүүлсэн байна.  

Компанийн ерөнхийлөгч Кейсүке Кишиүра хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ “энэхүү загварт бүх талын томоохон өөрчлөлтүүд хийгдсэн бөгөөд бид Mitsubishi Motors-ын шилдэг технологиудыг хослуулан хэрэглэж, бүхий л нөөцөө дайчилсан” гэлээ.

Шинэ загварын Пажеро нь тус компанийн дотоодын зах зээл дэх борлуулалтыг нэмэгдүүлэхэд тус дөхөм болно гэж компанийн удирдлага найдаж байна. Тус компани бартаат замын автомашины борлуулалтаа 2030 он гэхэд 2024 оныхтой харьцуулахад 50 хувиар нэмэгдүүлж, 180 мянган ширхэгт хүргэхээр төлөвлөжээ. Мөн цаашдаа Пажерогийн жижигрүүлсэн хоёр хувилбарыг гаргах гэнэ.

Бартаат замын автомашины эрэлт өндөр байгаа энэ үед домогт Пажеро эргэн ирлээ. Судалгааны MarkLines компанийн мэдээллээр, 2025 онд Японы зах зээлд ийм төрлийн 100 мянга орчим автомашин борлогдсоноос Land Cruiser 40 орчим хувийг эзэлж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн