УФА, 2026 оны есдүгээр сарын 3. /ТАСС/. Хоёр хөлөө алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон хэдий ч Эверестийн оргилд гарч чадсан Рустам Набиев одоо Уфагийн олон улсын марафонд оролцох хүсэлтэй байгаа ажээ. Ердийн тэргэнцрээр марафон зайг туулна гэдгээ тэрбээр хэвлэлийн хурлын үеэр хэллээ.
“Энэ онд би бүрэн хэмжээний марафон буюу 42.2 км-ийн зайд хүчээ соримоор байна. Уулын спортын адилаар энд ч тэсвэр тэвчээр хэрэгтэй. Энэ зайг 6 цагаас дотогш хугацаанд туулах хэрэгтэй, гэхдээ үүнд санаа зовохгүй байна. Энэ бол миний хувьд шинэ зорилго учраас дээд амжилт тогтоох гэж хичээхгүй” гэж Набиев ярилаа.
Тэрбээр Эверестэд авирахын өмнөхийн адилаар долоо хоногийн зургаан өдөрт нь дугуйн болон цанын төхөөрөмж дээр тэсвэржилтийг сайжруулах бэлтгэл хийж байгаа ажээ.
Уфагийн марафоны дараа Набиев Москвагийн марафонд, 2027 онд Казань, Санк-Петербургийн марафонуудад оролцохоор төлөвлөж байна.
Өдгөө 34 настай тэрбээр 2015 онд цэргийн хуарангийн барилга нурах үеэр дарагдаж хоёр хөлгүй болжээ. Гэсэн хэдий ч шантралгүйгээр Москва мужийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Феникс” клубт тоглож байв. Сүүлийн үед уулын спортоор хичээллэж байгаа бөгөөд Эверестэд авирахын өмнө Эльбрусын оргилд 3 удаа гарсан байна. Мөн Хималайн уулсын Манаслу оргилд /8163 м/ гарч байв.
Уфагийн олон улсын марафон есдүгээр сарын 12-13-нд болох бөгөөд үндсэн гараа тэмцээний хоёрдахь өдөр явагдана.