ХҮМҮҮС
Эль Сальвадорын ерөнхийлөгч Наиб Букеле ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө гэдгээ саяхан зарласан. Букеле гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдвол Эль Сальвадорын ардчилал нэг алхам ухарна гэсэн үг гэж шүүмжлэгчид үзэж буй юм. Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Латин Америкт хамгийн их маргаан дагуулдаг удирдагчдын нэг Наиб Букелег онцолж байна.
Эль Сальвадорын орчин үеийн түүхэн дэх хамгийн цуст өдрийг 2022 оны гуравдугаар сарын 25 гэдэг. Энэ өдөр “MS-13” гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд улс даяар аймшигт халдлага үйлдэх зааварчилгааг нэгэн зэрэг мессежээр хүлээн авч, улмаар хоёрхон өдрийн дотор 87 хүний аминд хүрсэн байдаг. Санаатайгаар зохион байгуулж төлөвлөсөн уг аллага нь Наиб Букелед хүргэж буй сүрдүүлэг, сануулга байсан юм. Өөрөөр хэлбэл, бидэнтэй тэмцэх гэж оролдвол ийм л зүйл болно гэдгийг Букелед тэд ойлгуулахыг хүсчээ.
Букеле энэ үед асар хурдан шийдвэр гаргаж онц байдал зарласан ба иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон олон эрхийг хүчээр түдгэлзүүлж, гэмт бүлэглэлтэй холбоотой гэх олон мянган хүнийг баривчилсан. Өргөн цар хүрээтэй баривчилгаа, шалгалтын дүнд өнөөдөр Эль Сальвадорын нийт хүн амын ойролцоогоор 1.9 хувь, өөрөөр хэлбэл 50 хүн тутмын нэг нь хоригдож байна. Энэ нь дэлхийд байхгүй тоо баримт учир ямар нэг хүний эрхийн зөрчил гарах вий гэх болгоомжлол ч олон улсын байгууллагуудын зүгээс гардаг.
Хүний эрхийн байгууллагууд болон олон улс Букелегийн арга барилд шүүмжлэлтэй хандаж байгаа ч ард иргэд үгүй.
Тодруулбал, эль сальвадорчуудын 92 хувь нь түүнийг дэмжиж байна. Учир нь нэгэн цагт дэлхийн хамгийн аюултай, хүн амины хэрэг хамгийн их гардаг байсан тус улс өнөөдөр бүс нутагтаа хамгийн аюулгүйд тооцогдоод байгаа юм. Иргэд эх орондоо тайван аюулгүй амьдарч байгаадаа талархаж, Букелег дарангуйлагч байсан ч хамаагүй дэмжинэ гэж ярьцгааж байна.
ХУУЧЧУУЛЫГ ДАГУУЛАХГҮЙ ШИНЭЧЛЭГЧ
Нийт хүн амд харьцуулсан хоригдлын тоогоороо дэлхийд тэргүүлж буй Эль Сальвадорын удирдагч Наиб Букеле өдгөө 45 настай.
Тэрбээр 1981 оны долдугаар сарын 24-нд Эль Сальвадорын Сан Сальвадорт мэндэлжээ. Түүний эцэг Армандо Букеле Каттан аж үйлдвэрийн химич, бизнес эрхлэгч нэгэн байсан. Букеле айлын ууган хүү бөгөөд гурван төрсөн дүүтэй. Мөн эцэг нэгтэй дөрвөн эгч, хоёр ахтай.
Букеле ахлах сургуулиа төгсөөд хуульч болохоор Сан Сальвадор дахь Төв Америкийн их сургуульд элссэн ч удалгүй сургуулиа орхиж, эцгийнхээ бизнест хүчин зүтгэх болжээ. Улс төрд орох хүртлээ тэр төрөл бүрийн бизнес эрхэлж, гүйцэтгэх захирал хүртэлх албан тушаалуудыг хашсан байна. Энэ үедээ тэр өөрийгөө ирээдүйтэй бизнес эрхлэгч гэж тодорхойлдог байв.
2011 онд буюу 29 настайдаа Букеле бизнесээ орхин улс төрд оржээ. Тэрбээр зүүний үзэлтэй “FMLN” намаас Нуэво Кускатлан гэх жижиг хотын даргад нэр дэвшиж, ялалт байгуулсан. Хотын нэр “Н” үсгээр эхэлдэг тул тэрбээр хотын логог өөрийн нэрийн “Н” үсэгтэй давхцуулан шинэчилж, хувийн брэндээ бүрдүүлж байсан түүхтэй.
Хотын дарга байх хугацаандаа гэрэлтүүлэг, соёлын төв, үнэгүй “Wi-Fi” бүхий худалдааны төв гэх мэт залууст чиглэсэн, хэвлэл мэдээллийн анхаарал татсан томоохон төслүүдийг төсвийн болон захиргааны дүрэм журмыг үл харгалзан хэрэгжүүлдэг байв.
Мөн хотын дарга байхдаа “Хэн ч хулгай хийхгүй бол хангалттай мөнгө бий” гэдэг үгийг хэлсэн нь түүний нэр хүндийг ихээхэн өсгөжээ.
Гэсэн ч бодит байдал дээр түүний хэрэгжүүлсэн төслүүд санхүүгийн тооцоолол муутай, бодит үр дүнгээс илүү харагдах байдалд анхаарсан гэх зэрэг шүүмжлэлүүд ч байдаг.
Букеле хурдан сэтгэдэг давуу талтай ч анхаарал нь амархан сарнидаг сул талтай. “Тэр тодорхой нэг асуудал дээр төвлөрдөггүй, их тойруу ярьдаг. Утсаа үзэхээрээ анхаарал нь сарниж, сатаардаг” гэж өмгөөлөгч асан Берта де Леон хэлж байжээ.
Харин Букеле өөрийгөө намынхаа хууччуулаас тэс өөр шинэчлэгч гэж зарлахын зэрэгцээ намаа байнга шүүмжилдэг байжээ. 2017 онд Сан Сальвадор хотын захиргааны хуралдаан дээр барилгын зөвшөөрлийн асуудлаас болж маргаан үүсэхэд Букеле өөртэй нь санал нийлээгүй эмэгтэй гишүүн рүү алим шидэж, “Энэ алимыг аваад гэртээ харь, шулам минь” гэж доромжилсон байна. Энэ түрэмгий үйлдлээс нь болж намын ёс зүйн хороо хуралдаж, улмаар түүнийг намаас хөөжээ.
ХАМГИЙН ЗАЛУУ ТӨРИЙН ТЭРГҮҮН
Тэрбээр 2019 онд ердөө 37 настайдаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн, сонгогчдын 50 гаруй хувийн саналтайгаар ялалт байгуулж, Латин Америкийн хамгийн залуу төрийн тэргүүнүүдийн нэг болжээ. Түүний тангараг өргөх ёслолын үеэр цугласан олон хуучин улстөрчдийг эсэргүүцэн шүгэлдэх хэрнээ Букелег халуун дотноор угтан авсан аж.
Ерөнхийлөгч болсон даруйдаа тэр засгийн газрын танхимаа өөрийн найз нөхөд, бизнесийн хамтрагчид болон итгэлт хүмүүсээрээ бүрдүүлсэн. Албан ёсны төрийн албан тушаал хашаагүй ч түүний төрсөн ах дүү нар засгийн газрын хамгийн чухал, стратегийн шийдвэрүүдийг гаргахад гол үүрэг гүйцэтгэж, оролцож эхэлжээ.
Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нь хойш долоохон хоногийн дотор түүний “X” хуудасны дагагчдын тоо нэг саяар нэмэгджээ. Тэрбээр уламжлалт хэвлэл мэдээллээс илүү цахим сүлжээгээр олон нийттэй харилцах дуртай. Ерөнхийлөгч болсон анхны жилээ НҮБ-ын индэрт үг хэлэх завшаан түүнд тохиосон бөгөөд энэ үеэрээ сельфи хийж, цугласан олныг хөгжөөж байжээ.
Тэрбээр индэр дээр илтгэл тавихаасаа өмнө “Түр хүлээгээрэй. Миний хэлэх үгийг сонсохоос илүү олон хүн энэ сельфиг үзнэ гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн юм.
АНУ-ын дипломатч Рикардо Зүнига нэгэнтээ Эль Сальвадорт айлчлахдаа тус улсын ардчиллыг улам уруудан доройтож байна гэж анхааруулжээ. Тэрбээр “Гэмт хэрэгтэй тэмцэх нь зөв ч аюулгүй байдлыг хангах нэрээр бүх эрх мэдлийг нэг хүний гарт төвлөрүүлэх ёсгүй” гэсэн утгатай анхааруулгыг өгсөн аж.
Букеле үүний хариу болгож “Х” хаягийнхаа тайлбар хэсэгт өөрийгөө “Дэлхийн хамгийн догь дарангуйлагч” гэж бичиж байжээ.