Зөвшөөрөл авах хүсэлтийн ихэнхийг цахим болгожээ

ЭЗХЯ-ны дэргэдэх “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-д “Зөвшөөрлийн шинэчлэл-хялбар зохицуулалт-бизнесийн таатай орчин” сургалт, хэлэлцүүлэг хийв.

Энэ үеэр зөвшөөрөл олгох явцын нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид хийх ажил, зөвшөөрлийн нэгдсэн тогтолцоо, оролцогч талуудын уялдаа холбоо, Зөвшөөрөл мэдэгдлийн тухай хуулийн шинэчилсэн зохицуулалт, зөвшөөрөл, мэдэгдлийн нэгдсэн сангийн журмын шинэчлэлийн талаар нэгдсэн ойлголт, мэдээлэл өгсөн юм.

ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү хэлэхдээ, “Засгийн газраас гурван том хуулийг батлуулсан. Хамгийн эхэнд бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдтэй тулж ажилладаг алба хаагчид үүргээ хэрхэн хэрэгжүүлэх ойлголтоо нэгтгэх нь чухал. Төрийн байгууллагаас 371 тусгай зөвшөөрөл олгодог байсныг 360 болгож, зөвшөөрөл авах ихэнх хүсэлтийг цахим болгосон. Тусгай зөвшөөрлийг энгийн болгох, энгийн зөвшөөрлийг мэдэгдэл өгөөд эхлүүлэх зэргээр хялбарчилж байгаа”-г онцоллоо.

Засгийн Газрын Хяналт хэрэгжүүлэх Газрын дарга П.Батбаатар, “Зөвшөөрлийн хугацаа дуусахаас жилийн өмнө нөхцөл, шаардлагаа зөрчөөгүй нь тогтоогдвол магадлан шалгалт хийхгүйгээр хоёр хоногийн дотор сунгах боломжтой. Энэ онд 49 мянга орчим тусгай, энгийн зөвшөөрлийг сунгах боломжтой судалгаа гарсан. Үүнийг цахимаар иргэдэд нээлттэй, ил тод явуулахыг зорьж байна. Зөвшөөрөл олгохгүй байгаа зарим байгууллагад хяналт, шалгалт хийж, тодорхой шаардлага тавьж байгаа. Иргэд, ААН-үүд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газарт гомдол, мэдээллээ өгөх боломжтой” гэв.

Сургалт, хэлэлцүүлгийн үеэр “Зөвшөөрлийн нэгдсэн тогтолцоо, оролцогч талууд”, “Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль, нэгдсэн сангийн журмын шинэчлэлт”, “Зөвшөөрлийн цахим системийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал”, “Зөвшөөрөл олгоход оролцож буй төрийн албан хаагчдын анхаарах асуудал, сургалтын агуулга” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, бодит жишээн дээр дадлага хийж, цахим системтэй холбоотой асуулт асууж, хариулт авсныг ЭЗХЯ мэдээллээ.

ЭЗХЯ-ны Бизнесийн орчны бодлогын газрын дарга Л.Балчинлувсан хуулийг хэрэгжүүлэхэд салбар бүрийн албан хаагчдын оролцоо, хичээл зүтгэл, хамтын ажиллагаа чухлыг онцлоод салбар бүрдээ идэвх, санаачилга гарган хуулиа хэрэгжүүлэх, зөвшөөрөл шийдвэртэй холбоотой үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд шуурхай үзүүлэхэд манлайлахыг уриалав.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн