FASHION
“NEWS” агентлагийн “FASHION” булангаар загварын ертөнцийн содон, сонирхолтой трендүүдээс гадна үс, гоо сайхны зөвлөгөөг хүргэдэг билээ. Энэ удаад эрүүл, сайхан үстэй байхад чухал үс арчилгааны нэг хэсэг болох зөв самналтын талаар онцолж байна.
Үсээ өдөрт 100 орчим удаа самнах нь эрүүл, гялалзсан үстэй болгодог гэх ойлголт олон жилийн турш хүмүүсийн дунд түгээмэл байсаар ирсэн. Гэвч энэ нь шинжлэх ухаанаар бүрэн батлагдсан зөвлөгөө бус, эрт үеэс уламжлагдан ирсэн домог байх магадлалтай аж. Үс арчилгааны түүхч Рачаэл Гибсоны хэлснээр хүн төрөлхтөн эрт дээр үеэс үсээ цэвэрлэх, гоёх зорилгоор сам, сойз зэрэг хэрэгслийг ашиглаж иржээ.
Харин үсээ 100 удаа самнах тухай ойлголт 1800-аад оны Викторийн үед түгээмэл болсон байна. Тухайн үед эмэгтэйчүүд урт үстэй байхыг эмэгтэйлэг байдлын чухал илэрхийлэл гэж үздэг байжээ. Тэд эхлээд самаар үсний орооцолдсон хэсгийг салгаж, дараа нь байгалийн үслэг сойзоор самнан үсээ толийлгож, хуйхнаас ялгарах тослогийг үсний уг хүртэл жигд тараадаг байсан аж.
Мөн Австрийн хатан хаан Сисиг үсээ өдөр бүр 100 удаа самнаж, эрүүл байлгадаг байсан гэх яриа бий. Гэвч энэ нь бодит баримтаас илүүтэйгээр үе дамжин яригдсан домог байх магадлалтай юм.
ҮСИЙГ ОЛОН УДАА САМНАХ НЬ УРГАЛТЫГ ХУРДАСГАХ УУ?
2025 онд хийсэн судалгаанд оролцогчдын 46 гаруй хувь нь үсээ ойр ойрхон самнах нь ургалтыг нь нэмэгдүүлдэг гэж үзсэн байна. Гэвч мэргэжилтнүүдийн хэлснээр үсийг олон удаа самнаад ургалтыг нь хурдасгах боломжгүй.
Харин хэт хүчтэй, олон давтамжтай самнах нь үсний ширхэгийг гэмтээж, хугарах болон салаалахад хүргэж болзошгүй. Судлаачид үсний ширхэгүүд орооцолдож, түүнийг хүчээр салгах үед үүсэх гэмтлийг туршиж үзэхэд олон удаа самнах тусам үсний бүтцэд гэмтэл үүсэх магадлал нэмэгдэж байгааг тогтоожээ. Ялангуяа салаалсан үс илүү эмзэг байсан аж.
Гэхдээ үсний гэмтэлд самналтын тооноос илүүтэй хэр хүчтэй самнаж байгаа нь чухал гэж судлаачид онцолжээ.
Мөн өдөр тутамдаа буруу самнаснаас болж үүсэх гэмтэл нь үс будах, химихийлгэх, халуунаар хэлбэржүүлэх зэрэг үс арчилгааны бусад үйлдлээс үүдэх гэмтэлтэй харьцуулахад харьцангуй бага байдаг аж. Тиймээс үсийг зөөлөн, зөв самнах нь үсийг эрүүл байлгахад тустай. Тогтмол самнаснаар үс томоороо орооцолдох, ширэлдэхээс сэргийлж болно.
Үсээ удаан хугацаанд самналгүй байж байгаад нэг дор хүчтэй самнахаас илүү өдөрт нэгээс хоёр удаа зөөлөн самнах нь үсийг бага гэмтээдэг байна.
Түүнчлэн тогтмол самнах нь унасан үс, үхэжсэн арьсны хэсэг болон хуйханд хуримтлагдсан бохирдлыг салгахад тусалдаг. Ингэснээр хуйх цочрох эрсдэлийг бууруулах боломжтой аж. Тиймээс үсээ өдөрт 100 удаа самнах шаардлагагүй бөгөөд үснийхээ онцлогт тохируулан зөөлөн, зөв самнах нь хамгийн чухал юм.
ҮСНИЙ ТӨРЛӨӨС ХАМААРЧ ХЭРХЭН ЗӨВ САМНАХ ВЭ?
Үсээ самнах арга нь тухайн хүний үсний төрлөөс хамаардаг. Шулуун болон долгионтой үстэй хүмүүсийн хувьд мэргэжилтнүүд долоо хоногт дор хаяж гурван удаа, шаардлагатай бол өдөрт нэгээс хоёр удаа самнахыг зөвлөжээ.
Харин шулуун болон долгионтой үсийг нойтон үед нь самнахаас зайлсхийх хэрэгтэй. Нойтон үс илүү зузаан, бат бөх мэт санагддаг ч үнэндээ амархан гэмтдэг байна. Үс норох үед гаднах хамгаалалтын давхарга нь бага зэрэг тэлж, үсний ширхэг суналттай болдог бөгөөд энэ нь хугарч, гэмтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.
Харин буржгар болон маш шигүү буржгар үсний хувьд эсрэгээрээ хуурай үед нь самнахгүй байхыг зөвлөж байна. Ийм төрлийн үсийг угааж байх үед нь зөөлөн задлан самнах нь илүү тохиромжтой аж.
Судлаачдын үзэж буйгаар буржгар үс нь шулуун болон долгионтой үснээс физик, химийн шинж чанараараа ялгаатай. Буржгар үсний гаднах хамгаалалтын давхарга нь харьцангуй жижиг, хоорондын зай нь ойр, ирмэг нь барзгар байдаг тул чийгээ амархан алдаж, орооцолдох болон гэмтэх нь илүү байдаг байна.
Мөн үсийг байнга шулуун болгож, хими хийх, индүүдэх, сүлжих зэрэг үс засалтын үйлдэл нь буржгар үсэнд нэмэлт ачаалал өгч, гэмтлийг нэмэгдүүлэх боломжтой.
Тиймээс буржгар болон шигүү буржгар үстэй хүмүүс үс задлах зориулалтын бүтээгдэхүүн хэрэглэж, үсийг хүчээр татахгүйгээр зөөлөн самнахыг мэргэжилтнүүд зөвлөжээ.
Үсний төрлөөс үл хамааран зөв сам сонгох нь чухал. Буржгар болон шигүү буржгар үс, мөн нойтон үсийг самнах шаардлагатай бол зөөлөн, уян хатан, үс задлах зориулалттай сойз хэрэглэхийг зөвлөж байна. Харин хуурай үсэнд хуйханд зөөлөн, зөөлөн үстэй сойз тохиромжтой. Ийм сойз нь хуйхнаас ялгарах байгалийн тослогийг үсний угнаас үзүүр хүртэл жигд тараахад тусалдаг байна.
Иймээс үсээ эрүүл байлгахын тулд өдөрт заавал тодорхой тоогоор самнахаас илүүтэй өөрийн үсний онцлогт тохирсон сам сонгож, үсээ зөөлөн, зөв самнах нь чухал аж.