Туркийн анхны АЦС-ыг он дуусахаас өмнө ашиглалтад оруулна

АНКАРА, 2026 оны есдүгээр сарын 8 /Kazinform/. Туркийн өмнөд нутагт тус улсын анхны атомын цахилгаан станцыг барих ажил дуусаж байгаа тухай Анкара хот дахь Kazinform агентлагийн тусгай сурвалжлагч мэдээллээ.

Мерсин муж дахь барилгын талбайд өдөр бүр 23 мянга орчим хүн, 2 мянган нэгж техник ажиллаж байгаа бөгөөд эрчим хүчний дөрвөн блокноос 1.2 Гвт хүчин чадалтай эхний блокны туршилт, тохиргооны ажил хэдийн эхэлжээ.

Энэ блокийг ажиллуулж эхэлснээр Туркийн эрчим хүчний хэрэгцээний 2-2.5 хувийг хангана. Бүх дөрвөн блок төслийн хүчин чадалдаа хүрснээр АЦС нийтдээ жилд 35 тэрбум кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэж, улс орны нийт хэрэглээний 10 орчим хувийг хангана. Энэ нь Истанбул хотын хэрэглээтэй тэнцэх юм.

АЦС барих төслийг Оросын төрийн өмчийн “Росатом” компани хэрэгжүүлж байна. Төслийн гэрээнд 2010 онд гарын үсэг зурсан бөгөөд станцыг ашиглах хугацаа 60 жил, цаашдаа 20 жилээр сунгах боломжтой.

Эхний блокийг туршихын зэрэгцээ бусад гурван блокийн барилгын ажил үргэлжилсээр байна. Барилгын ажилд Туркийн 400 гаруй компани оролцож байгаагаас гадна хэдэн зуун мэргэжилтнүүд Оросын их дээд сургуулиудад суралцаж, цөмийн эрчим хүчний салбарт хүний нөөцийг бүрдүүлж байгаа юм.

“Аккую” АЦС бол тус салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн анхдагч алхам бөгөөд цаашдаа Турк улс дахин 8 реактор барих, бага оврын реакторын технологийг дотооддоо хөгжүүлэхээр төлөвлөж байгаа ажээ.

Дөрвөн блок бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр нүүрсхүчлийн хийн ялгарлыг жилд 35 сая тонноор бууруулах юм.  

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн