Улаанбаатар, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 //. Боловсролын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих зорилгоор “Хурд” хамтлагтай хамтран олон улсын мастер сургалтыг энэ сарын 3-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй тус сургалтад Монголын болон олон улсын туршлагатай уран бүтээлчид багшилж байгаа бөгөөд Их Британийн найруулагч, бүжиг дэглээч Зена Густхард, Лондоны хөгжмийн академийн захирал, төгөлдөр хуурч Соин Ким нар урилгаар оролцож байгаа нь онцлог юм.
Сургалтын хүрээнд багш нар урлаг, хөгжмийн боловсролын орчин үеийн чиг хандлага, мюзиклийг сургуулийн орчинд нэвтрүүлэх арга зүй, хүүхэд бүрийг хөгжмийн хичээлд идэвхтэй, үр дүнтэй хамруулах боломжийн талаар суралцаж байна. Мөн суралцагчдын бүтээлч сэтгэлгээ, нийгэм-сэтгэл зүйн хөгжил, харилцаа, хамтын ажиллагааны чадварыг дэмжих шинэлэг арга барилыг эзэмшүүлэхэд чиглэжээ.
Боловсролын шинэчлэлийн бодлогын хүрээнд хүүхэд бүрийг зөвхөн мэдлэг, боловсролтой төдийгүй бүтээлчээр сэтгэдэг, багаар ажилладаг, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг, бусдыг ойлгон хүндэтгэдэг иргэн болгон төлөвшүүлэхийг зорьж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэхэд урлаг, гоо зүйн боловсрол, тэр дундаа дуу хөгжмийн хичээл чухал үүрэгтэй юм.
Дэлхий нийтээр хүүхдийн харилцааны ур чадвар, хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэлгээ, сэтгэл хөдлөлийн боловсролыг хөгжүүлэхэд анхаарч буй энэ үед урлагийн боловсрол нь хүүхдийн цогц хөгжил, төлөвшлийг дэмжих үр нөлөөтэй арга хэрэгсэлд тооцогдож байна.
Иймд дуу хөгжмийн багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сургалтын арга зүйг шинэчлэх, олон улсын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн энэхүү мастер сургалт нь сургуулийн урлагийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг Боловсролын яам мэдээлэв.
