БИШКЕК, 2026 оны арваннэгдүгээр сарын 4 /ТАСС/. Транссибирийн төмөр замын ба Байгал-Амарын төмөр замын сүлжээнүүдийн хүчин чадлыг 2032 оны эцэс гэхэд 270 сая тоннд хүргэхээр Орос улс төлөвлөж байна. Энэ тухай Төв Азийн орнуудад зориулсан НҮБ-ын Тусгай хөтөлбөрийн Эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын ГХЯ-ы Олон улсын байгууллагуудын Департаментын захирал Кирилл Логвинов мэдэгдлээ.

“Эдгээр төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг 2030 оны эцэст 210 сая тоннд, 2032 оны эцэс гэхэд 270 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх нь бидний зорилт” хэмээн тэрбээр онцлов.

“ОХУ-ын нутгаар дайран өнгөрдөг транзит тээврийн чиглэлүүд нь Төв, Өмнөд ба Зүүн Өмнөд Азийн орнуудыг, Персийн булангийн орнуудыг Европтой холбох хамгийн дөт зам бөгөөд тээвэрлэлтийг тасралтгүй явуулах боломжийг олгоно” гэж К.Логвинов хэллээ.   

“Умард-Өмнөд” дамжин өнгөрөх тээврийн коридорын чиглэлүүдэд тарифын ба технологийн нөхцлүүдийг эрчимтэй шинэчилж байна. Орос улс НҮБ-ын Европын эдийн засгийн комисс, НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комисстой идэвхтэй хамтран ажилладаг. Евразийн чиглэлүүдийг хооронд нь уялдуулах, хил дамнан тээвэрлэлт хийх журмуудыг хөнгөвчлөх, “хуурай боомтууд”-ын сүлжээг өргөжүүлэх санаачилгуудыг бид дэмжсэнээр манай түншүүдийн дэд бүтцийн хязгаарлагдмал байдлыг нөхөх боломжтой гэж тэрбээр дурдав.

 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх