Хятад, Балбын хил орчимд болсон хөрсний нуралт, түүнээс улбаатай огцом үерийн аюул нь Гималайн бүс нутагт байгалийн гамшгийн эрсдэл хэрхэн нэмэгдэж буйг тод харууллаа. Энэ гамшиг хүний гараар бүтээн байгуулсан төслүүдтэй холбоотой гэсэн ямар нэг нотолгоо, дүгнэлт одоогоор хараахан гараагүй байна. Гэсэн ч энэ нь Гималайн бүс нутагт далан, хонгил, авто зам, төмөр зам, гүүр зэрэг бүтээн байгуулалтыг эрчимтэй нэмэгдүүлж буй засгийн газруудад бодит анхааруулга, шалгалт болов. Тус бүс нутагт улс орнууд дэд бүтцээ эрчимтэй өргөжүүлэх болсон билээ. Өндөр ууланд түшиглэсэн дэд бүтцийн төслүүд нь бүс нутгийн эрчим хүчний нөөц, байгалийн баялгийг ашиглах, хил орчмын хамгаалалтыг бэхжүүлэх гэх мэт зорилгуудтай.
Хятад улс энэ бүс нутагт их хэмжээний хүч, хөрөнгө зарцуулж буй. Учир нь Хятадын эрх баригчид Төвөд болон Гималайн бүс нутгийг үндэсний аюулгүй байдал, эрчим хүчний аюулгүй байдлын хувьд стратегийн чухал ач холбогдолтой хэсэг гэж үздэг. Тийм ч учраас бүс нутгийг өндөр ууланд түшиглэсэн ногоон эрчим хүчний томоохон төв болгон өөрчлөхыг зорьж байна. Энэ хүрээнд жишээлбэл, 168 тэрбум ам.долларын өртөгтэй аварга усан цахилгаан станцын далангийн төслийг хэрэгжүүлж байна.
Энэтхэг болон Балба улсууд ч сүүлийн жилүүдэд их бага хэмжээгээр бүс нутагт дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимтэй өргөжүүлж байна.
Өөрөөр хэлбэл, улс орнууд газар хөдлөлт, байгалийн аюулт үзэгдэл, уур амьсгалын өөрчлөлтөд маш эмзэг бүс нутагт хэдэн зуун сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсээр байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт болсон гамшигийг харвал энэ их хөрөнгө оруулалт эцэстээ юу болж дуусах нь тодорхойгүй. Уулын мөсөн голын нэг хэсэг тасран унаж, хөрсний нуралт үүсгэснээр, голын гольдрол өөрчлөгдөн, огцом үерийн аюул нүүрлэсэн. Үүнээс болж барилга байгууламжууд усанд автаж, тосгод, зам, гүүр, усан цахилгаан станц сүйдлээ.
Одоогоор учирсан нийт хохирлын хэмжээг ч тогтоогоогүй байна. Учир нь аюул одоо ч бүрэн арилаагүй хэвээр бөгөөд үер, хөрсний нуралт дахин үүсэх эрсдэл байсаар байна.
Гэсэн хэдий ч энэхүү гамшиг Гималайн орнуудын томоохон дэд бүтцийн төлөвлөгөөнд бодит сэрэмжлүүлэг болох эсэх нь одоогоор тодорхойгүй хэвээр.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, засгийн газрууд энэхүү гамшгийн ноцтой байдал болон олон улсын хил дээр болсон нөхцөл байдлыг харгалзан үзэж төслүүдээ илүү нухацтай бодож төлөвлөх шаардлагатай. Мөн бүс нутгийн хэмжээнд эрсдлийг хамтран хянах тогтолцоог бий болгох шаардлагатай байгааг харуулав. Уур амьсгалын өөрчлөлт аливаа байгалийн гамшгийг улам хүчтэй, урьдчилан таамаглахад хэцүү болгож байгаа учир энэ асуудлыг нухацтай авч үзэхээс өөр аргагүй.
Стимсоны төвийн Эрчим хүч, ус, тогтвортой байдлын хөтөлбөрийн ахлах судлаач Остин Лорд “Бид 100 жилд нэг удаа тохиох ёстой байсан үерийг одоо 5-10 жил тутамд харж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн хурд биднээс түрүүлээд явчихлаа. Маш олон тодорхойгүй зүйл байгаа энэ үед бид хамтран ажиллаж эхлэхгүй ч бол ямар ч ахиц гаргахгүй. Дараагийн удаа дахин ийм зүйл болвол бид хүчин мөхөстөнө” гэжээ.
Гималайн бүс нутаг нь тектоникийн хагарлын шугамуудаас үүссэн уулс бөгөөд мөсөн голоос эх авсан асар том гол мөрнүүд түүнийг дайран урсдаг. Энэтхэгийн сая сая хүн эдгээр гол мөрнөөс амь амьдрал нь хамааралтай байдаг.
Гэвч эдгээр гол мөрнийг томоохон усан цахилгаан станцын эх үүсвэр болгон ашиглах санаа олон жилийн турш инженерүүдийн анхаарлыг татсаар иржээ.
ӨРСӨЛДӨӨНИЙ ТАЛБАР
Уулархаг бүсийг урьд өмнө нь зах хязгаарын хөгжөөгүй хэсэг гэж хардаг цаг өнөө үед ард хоцорчээ. Улс орнууд өнөөдөр уулын бүсийг аялал жуулчлал, ашигт малтмал, нөөц баялаг, эрчим хүч гэж харж байна.
Хятад улс Төвөдийн усан цахилгаан станцууд, асар том хэмжээний нар, салхины эрчим хүчний фермүүдээс гаргаж буй цэвэр эрчим хүчийг зүүн эргийн бүс нутгууддаа хүргэхийн тулд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын өргөн сүлжээ байгуулж байна. Тухайлбал, Ярлунг Цанпо гол дээр хэрэгжүүлж буй шинэ аварга далангийн төсөл нь өнгөрсөн долдугаар сард барилгын ажлаа эхлүүлсэн. Энэ нь Төвөд даяар хэрэгжиж буй олон 10 усан цахилгаан станцын төслийн нэг юм.
Энэтхэгийн төрийн өмчит хамгийн том усан цахилгаан эрчим хүчний компани ч гэсэн Гималайн бүсэд томоохон төсөл урагшлуулж байна. Үүний зэрэгцээ уулын давааг нэвтлэх зорилготой томоохон хонгил, төмөр замын төслүүдийг сүүлийн жилүүдэд эхлүүлжээ.
Балба улс ч бас Гималайн гол мөрнүүдийн дагуу усан цахилгаан эрчим хүчний бүтээн байгуулалтаа нэмэгдүүлж байна. Зарим тохиолдолд бүтээн байгуулалтынхаа санхүүжилтийг бүс нутагт нөлөөгөө тэлэхээр өрсөлдөж буй Хятад, Энэтхэгээс авч байгаа юм.
Аль ч улсын бүтээн байгуулалт бай ялгаагүй динамитаар хад чулуу дэлбэлэх, байгалийн тогтоц бүхий газарт бетон цутгнах, усан сангууд дахь усыг хуримтлуулах зэрэг ажил хийгддэг. Гэтэл эдгээр нь урьдчилан тооцоолоогүй үр дагавар дагуулж болох аюултай үйлдлүүд юм.
Өнгөрсөн долоо хоногт болсон гамшгийн дараа энэ үйл явдал Хятадын талын далан сэтэрснээс болсон гэх цуурхал тархжээ. Гэхдээ энэ таамаглалыг батлах бодит нотолгоо үгүй. Гагцхүү эндээс бид иймэрхүү гамшиг нь улс хоорондын үл итгэлцлийг үүсгэж болох юм байна гэдгийг ойлгох боломжтой.
Балбад суугаа Хятадын Элчин сайдын яам “X” хаягаараа жиргэхдээ “Буруутгал ямар ч тус болохгүй. Харин хамтын ажиллагаа хүний амь насыг аварна” гэжээ.
Хятадын дарга Ши Жиньпин ч “Балбын аврах ажиллагаанд идэвхтэй тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгдсэн билээ.
Хятад улс өмнө нь Ярлунг Цанпо голын аварга далангийн төсөлтэй холбоотой мэдээллийг Энэтхэгтэй хуваалцаагүй гэх шүүмжлэлд өртөж байсан. Гэсэн ч Хятадын тал мэдээллийн ил тод байдлыг байнга хангадаг гэж тайлбарладаг аж.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, Гималайн бүс нутаг дэд бүтцийн бүтээн байгуулалтын гол төв хэвээр байх юм бол улс орнууд цаашид нарийн тооцоотой төсөл төлөвлөгөө гаргах шаардлагатай. Австралийн Ла Тробийн их сургуулийн судлаач Рут Гэмбл “Ирээдүйг одоогийнхтой адил байна гэж бодох нь ирээдүйд хэт итгэсэн хэрэг юм” гэж хэлсэн аж. Өөрөөр хэлбэл, улс орнууд ирээдүйд үүсч болох байгалийн гамшгийг сайтар тооцоолсон, эрсдэл даах чадвартай, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоог бий болгосон төлөвлөгөө гаргах учиртай юм.