Цао Ли
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг Түр хамаарагч
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) өнгөрсөн хоёр долоо хоногт Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Цөлжилтийг “Дэлхийн хорт хавдар” гэж нэрлэдэг бөгөөд өдгөө дэлхийн нийт газар нутгийн 40 хувь нь доройтолд ороод буй нь дэлхийн хүн амын тал шахуу хувьд нөлөө үзүүлж байна. Хятад улс өмнө нь цөлжилтийн аюулд хамгийн ихээр өртсөн орнуудын нэг байсан бол өнөөдөр газрын доройтлыг “тэг өсөлт”-д хүргэх ажлыг дэлхийд түрүүлэн хэрэгжүүлж, дэлхийн хэмжээнд ногоон байгууламж хамгийн ихээр, хамгийн хурдацтайгаар нэмэгдэж буй улс болжээ. Конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар “Дэлхий нийт цөлжилттэй тэмцэхдээ Хятадыг харах хэрэгтэй” хэмээн хэлсэн. Тэгвэл, Хятад улсын цөлжилттэй тэмцэх үйл хэргээс юуг нь харах хэрэгтэй вэ? Юуны өмнө, хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том ойжуулалтын төсөл болох Хятадын “Хойд гурван бүс”-ийн халхавч ойн системийн бүтээн байгуулалтын төслийг харах хэрэгтэй гэдгийг би энд дурдмаар байна.
“Хойд гурван бүс”-ийн (Баруун хойд бүс, Төвийн хойд бүс, Зүүн хойд бүс) төслийг авч үзэхдээ, урт хугацааны төлөвлөлтийг нь харах хэрэгтэй. “Хойд гурван бүс”-ийн нутаг дэвсгэрт Хятадын найман том цөл, дөрвөн том элсэрхэг газар болон өргөн уудам говь нутаг оршдог бөгөөд нийт талбай нь 1.48 сая км² газрыг хамардаг. 1978 онд шороон шуурганы гамшиг болон хөрс, усны элэгдэл өдрөөс өдөрт эрчимжиж байсан цаг үед Хятад улс “Хойд гурван бүс”-ийн төслийг албан ёсоор эхлүүлж, төслийг 1978 оноос 2050 он хүртэлх хугацаанд гурван үе шат, найман ээлжид хуваан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. 40 гаруй жилийн хугацаанд Хятад улс үе шатуудыг алхам бүрээр урагшлуулж, хэрэгжилтийн бодит явцтай уялдуулан төлөвлөгөөгөө цаг тухайд нь шинэчилсээр ирсэн. Өнгөрсөн жил Хятад улс “Хойд гурван бүс”-ийн төслийн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулсан ба нөхөн сэргээгдсэн цөлжилт болон элсний нүүдэлд өртсөн нийт 336 мянган км² газрын суурин дээр 2050 он гэхэд ой, өвс ургамлын бүрхэцийг 43 хувьд хүргэх, засаглал хэрэгжүүлэх боломжтой элсэрхэг газруудад засаглалыг үндсэндээ хэрэгжүүлсэн байх зэрэг шинэ зорилтуудыг тодорхойлсон.
Зөвхөн “Хойд гурван бүс”-ийн төсөл төдийгүй Хятад улс цөлжилттэй тэмцэхдээ ямагт “нэг төлөвлөгөөг тууштай хэрэгжүүлэх” зарчмыг баримталж ирсэн. Тэртээ 2001 оноос эхлэн дэлхийн хэмжээнд анх удаа цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг зогсоох чиглэлээр тусгай хууль тогтоомж батлан хэрэгжүүлж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, элсжилттэй тэмцэх арван жилийн төлөвлөгөөг хэд хэдэн үе шаттайгаар боловсруулан хэрэгжүүлсэн юм. Тодорхой зорилт, үүргийг тогтоож, холбогдох дэмжлэгийг бий болгосноор Хятадын цөлжилтөд өртсөн, нөхөн сэргээх боломжтой газрын 53 хувийг үр дүнтэй сэргээн засварлаад байна. Ингэснээр “цөлжилтийн нэмэгдэлтээр амьдрал доройтох”-ыг “ногоон хөгжлөөр цөлжилтийг бууруулах” болгон өөрчилж, хүн төрөлхтний гайхамшгийг бүтээжээ.
“Хойд гурван бүс”-ийн төслийг авч үзэхдээ, технологийн инновацыг нь харах хэрэгтэй. Өмнө нь цөлжилттэй тэмцэхдээ хүмүүс өөрсдөө зөөж, хүч хөдөлмөрөөр хийдэг байсан бол өнөөдөр олон шинэ тоног төхөөрөмж, шинэ технологийг ашиглалтад нэвтрүүлээд байна. Гурван хэмжээст элс бэхжүүлэгч машин нь хүний гараар өвсөн тор дэвсэх ажлыг аль хэдийн орлож, ажлын хурдыг 180 дахин нэмэгдүүлжээ. Мод таригч робот шуудуу ухах, суулгац суулгах, хөрсөөр хучих ажлыг нэг дор гүйцэтгэж, 19 минутын дотор 1 му (667м²) газарт мод тарьж дуусгах боломжтой болсон. Хүнд даацын нисгэгчгүй онгоц газрын гадаргуу дээрх хүчтэй уялдан ажиллаж, агаараар материал хүргэхийн зэрэгцээ газарт элс бэхжүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Цөлийн замаг ашиглан хиймэл биологийн хөрсний бүрхэвч бий болгох технологи нь ердийн нөхцөлд хэдэн арван жил шаардагдах үр дүнг ердөө хоёр жилийн дотор гаргаж, бичил экологийн тогтвортой орчныг бүрдүүлж байна. Цөлжилттэй тэмцэх том загвар нь “газар бүрд тохирсон арга хэмжээ”-г бодитоор хэрэгжүүлж, усны дусал бүр, суулгац бүрийг хамгийн өндөр үр ашигтайгаар ашиглах боломжийг бүрдүүлж байна.
Зөвхөн “Хойд гурван бүс”-ийн төсөл төдийгүй Хятад улс цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр судалгаа шинжилгээний иж бүрэн тогтолцоог бүрдүүлж, цогц боловсронгуй технологийн сонголтыг бий болгосон ба газар нутгийн онцлогт тохируулан, ангилал бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлснээр зардлыг мэдэгдэхүйц бууруулж, үр ашгийг нэмэгдүүлэн, цөлжилттэй тэмцэх ажлыг “хүнд хүчний хөдөлмөр”-өөс “технологийн ажил” болгон өөрчилжээ.
“Хойд гурван бүс”-ийн төслийг авч үзэхдээ, иргэдийн амьжиргаанд үзүүлж буй халамж дэмжлэгийг нь харах хэрэгтэй. Чинхай мужийн Талатан гэх газарт 7 сая гаруй нарны хавтан үргэлжилсэн их талбайг хамран байрлаж байна. Энэ нь дэлхийн хамгийн том суурилагдсан хүчин чадалтай нарны эрчим хүчний паркуудын нэг бөгөөд эндхийн хамгийн алдартай нь “ногоон цахилгаан” бус, харин “нарны хавтангийн сүрэг хонь” юм. Өргөн уудам талбайд байрлуулсан нарны хавтангууд нь цахилгаан үйлдвэрлэхээс гадна салхины хурд болон газрын гадаргын усны ууршилтыг бууруулж, хавтан дээр үүссэн конденсацын ус нь хөрсийг чийгшүүлж, ургамлын бүрхэвчийг сэргээхэд тусалж, мал амьтныг өвс тэжээлээр хангахад нь тусалдаг юм. Ийнхүү Талатан “хавтан дээр цахилгаан үйлдвэрлэх, хавтангийн доор бэлчээрийн өвсөөр хонь мал өсгөх” загварыг бий болгож, байгаль экологийн орчин болон нутгийн иргэдэд харилцан ашигтай, олон талын үр өгөөжтэй нөхцөлийг бүрдүүлжээ.
Зөвхөн “Хойд гурван бүс”-ийн төсөл төдийгүй Ши Жиньпиний Экологийн соёл иргэншлийн үзэл санааны удирдлага дор Хятад улс экологийн нөхөн сэргээлт болон иргэдийн амьжиргааг сайжруулах ажлыг хамтатган урагшлуулахыг чухалчилж, цөлжилттэй бүс нутгуудад онцлог бүхий газар тариалан, аялал жуулчлал зэрэг ногоон үйлдвэрлэлийг хөгжүүлэхийг дэмжиж байна. Улсын хэмжээнд элсэрхэг бүс нутгийн аж үйлдвэрийн жилийн нийт үйлдвэрлэл хэдэн зуун тэрбум юаньд хүрч, элсэрхэг бүс нутгийн хэдэн арван сая хүн амд үр өгөөжөө өгч байна. Энэ нь “цэнгэг ус, ногоон уулс бол үнэлж баршгүй баялаг мөн” гэсэн үзэл санааг бодитоор тайлбарлан харуулж байна.
Хятад улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын нэг болохын хувьд цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй урагшлуулж, дэлхийн өмнөдийн ногоон хөгжилд дэмжлэг үзүүлж байна. Монгол Улсын нийт газар нутгийн 80 гаруй хувь нь цөлжилтийн нөлөөнд өртөөд байгаа тул цөлжилттэй тэмцэх ажил нэн шаардлагатай байна. Хятадын тал Монгол Улсын “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, Монгол-Хятадын цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төвийг байгуулан, экологийн нөхөн сэргээлтийн загвар бүс байгуулах, технологийн туршлага хуваалцах, боловсон хүчин сургах зэрэг арга замаар Монголын талын чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Мөн Хятадын тал НҮБ-ын байгууллагууд зэрэг талуудтай нягт хамтран ажиллаж, Монголын талыг гал түймэртэй тэмцэх тоног төхөөрөмж болон нарны эрчим хүчний халаалтын төхөөрөмжөөр ханган, хөрсний менежментийн чадавхыг дээшлүүлэх, малчдын уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэх зэргээр Монголын ард иргэдийн амьдралыг сайжруулахад тусалж байна.
Хүн төрөлхтөн ганцхан дэлхийтэй. Цөлжилт хэмээх хүн төрөлхтний нийтлэг сорилттой тулгарч буй энэ цаг үед Хятадын тал Монголын талын экологийн нөхөн сэргээлт, цөлжилттэй тэмцэх хүчин чармайлтыг цаашид үргэлжлүүлэн дэмжихийн зэрэгцээ дэлхий нийтийн цөлжилттэй тэмцэх үйл хэрэгт Хятадын оюун ухаан, арга шийдлээр улам их хувь нэмрээ оруулж, бүх талуудтай хамт хүн төрөлхтөнд илүү цэвэр, илүү үзэсгэлэнтэй дэлхий ертөнцийг бий болгохын төлөө хамтран ажиллахад бэлэн байна.