Бельги улс Хятадын цэргийн хүч нэмэгдэж байгаатай холбоотойгоор Японтой батлан хамгаалах салбарын мэдээлэл солилцоо, харилцаа холбоогоо өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Бельгийн батлан хамгаалахын сайд Тео Франкен энэ сарын эхээр Брюссель хотод “NHK”-д ярилцлага өгөхдөө энэ талаар мэдэгджээ. Тэрбээр өнөөдрөөс /2026.08.31/ Японд айлчлахаар төлөвлөсөн.
Мөн тэрбээр Бельги улс анх удаа Токио хотод батлан хамгаалахын атташе томилох гэж байгааг онцолжээ.
Ингэснээр хоёр улс аюулгүй байдал, батлан хамгаалахын олон асуудлаар илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой болно гэж үзэж байна. Мөн Франкен Японы засгийн газар өнгөрсөн дөрөвдүгээр сард батлан хамгаалахын тоног төхөөрөмж, тэр дундаа зэвсгийг гадаад улс орнуудад шилжүүлэхэд тавьсан хязгаарлалтыг сулруулах шийдвэр гаргасныг сайшаажээ.
Түүний хэлснээр, Японы батлан хамгаалахын үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж байна.
Японы олон компани цэргийн болон энгийн зориулалтаар ашиглах боломжтой давхар зориулалттай бүтээгдэхүүн, шинэ технологи, инновацид хөрөнгө оруулж байна.
Франкен мөн Хятад улс газрын ховор элементүүдийн экспортоо чангатгаж байгааг онцолжээ. Энэ нь зөвхөн Японы компаниудад төдийгүй Европын компаниудад ч нөлөөлж байгаа аж. Тиймээс нийлүүлэлтийн эх үүсвэрийг олон улс, бүс нутагт төрөлжүүлэх нь нэн чухал гэж Бельгийн батлан хамгаалахын сайд үзэж байна.
Тэрбээр мөн Бельгийн томоохон компаниуд далайн гүн дэх ашигт малтмалын олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг дурджээ.