Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 26 //. Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа эхлүүлж, Люксембургийн Их Гүнт Улс болон Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордлоо.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселерийн урилгаар энэ сарын 26-27-нд тус улсад, Бельгийн Хаант Улсад энэ сарын 28-30-нд албан ёсны айлчлал хийнэ. Энэхүү айлчлал нь Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, хөгжлийн хамтын ажиллагааны 25 жилийн ой, Монгол Улс, Бельгийн Хаант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хийж буй юм.
Тус айлчлал нь эдгээр улстай хөгжүүлж буй найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх, дээд түвшний яриа хэлэлцээ, харилцан айлчлалын давтамжийг хадгалахын сацуу парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын даргын түвшинд Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад 24 жилийн дараа хэрэгжих айлчлал гэдгээр онцлог болж байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.