Эрүүл мэндийн яамнаас 2026 оны 10 дугаар сарын 28-ны өдөр аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад томуу, томуу төст өвчний тархалтын нөхцөл байдал, цаашдын төлөв, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах чиглэлээр хурал зохион байгууллаа.  
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТОМУУГИЙН УЛИРЛЫН БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт улирлын томуу, томуугийн цартахлын хүндрэлийн үнэлгээгээр “Идэвхжил”-ийн түвшинд байна. Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 77.1 хувийг 15 хүртэлх насны, үүний 49.6 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Амьсгалын цочмог хүнд халдварын шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөний 81.0 хувийг 15 хүртэлх насны, 65.3 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.  

Хурлаар томуугийн улиралд өвчлөлийн тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, тасралтгүй байдлыг хангах чиглэлээр дараах асуудлыг онцлон авч үзэж, холбогдох байгууллагуудад чиглэл өглөө.
Үүнд: Хүүхдээ асарч буй эцэг, эх, асран хамгаалагчийг дэмжих: Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 398 дугаар тогтоолоор батлагдсан, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 6 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ажил эрхэлдэг эцэг, эх, асран хамгаалагчид ажлын 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох, эсхүл зайнаас ажиллуулах зохицуулалтын хэрэгжилтийг хангах,
Нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах: Эрүүл мэндийн сайдын баталсан 2026-2027 оны “Томуугийн улиралд томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх, хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангаж, өвчлөлийн тархалт, эрсдэлийн өөрчлөлтөд тохирсон хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах,
Хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх: Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хүүхдийн өдрийн эмчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан санхүүжилтийг зориулалтын дагуу үр дүнтэй ашиглаж, өдрийн эмчилгээ болон гэрийн эргэлтийг эрчимжүүлэн, хүүхдэд шаардлагатай тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх.

 

Жиргэх

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх