Бэлчээрийн нөхөн сэргээлт ба малчдын амьжиргааны асуудлаарх Сайд нарын хэлэлцүүлэг болж байна

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 26 //. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 10 дахь өдрийнхөө үйл ажиллагааг “Газар ба хүмүүс” сэдэвт чиглүүлээд байна.

Энэхүү сэдэвчилсэн өдрөөр газар нутгийг хамгаалан, зүй зохистой ашиглаж ирсэн иргэдийн дуу хоолойг хэлэлцүүлгийн төвд авчрах, уугуул болон орон нутгийн иргэд, малчид, залуучууд, эмэгтэйчүүд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн хуримтлуулсан туршлага, уламжлалт мэдлэг ухааныг түгээхэд анхаарч буй юм. Тус агуулгын хүрээнд Бэлчээрийн нөхөн сэргээлт ба малчдын амьжиргааны асуудлаарх Сайд нарын хэлэлцүүлэг өрнөж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, “Монголчууд олон мянган жилийн турш улирлын нүүдэл, отор, бэлчээр сэлгэх, усны эх үүсвэрийн хамгаалалт болон байгаль, цаг уурын төлөвийг ажиглах уламжлалт мэдлэгт тулгуурлан, өргөн уудам газар нутгийг хамгаалж ирсэн. Гэвч өнөөдөр малчид, бэлчээр нутгийг ашиглагчид урьд өмнө нь байгаагүй дарамттай нүүр тулгараад байна.

2023-2024 оны зуднаар Монгол Улс 7.9 сая орчим толгой мал алдсан. Уур амьсгалын энэхүү эрсдэл нь зөвхөн байгаль орчны асуудал бус малчин өрхийн орлого, хүнсний хангамж, хөдөөгийн ажил эрхлэлт, нийгмийн тогтвортой байдалтай шууд холбоотойг харуулсан юм. Иймд Монгол Улс бэлчээрийн төлөв байдлын үндэсний мониторингийг хэрэгжүүлж, орон нутгийн хамтын менежмент, улирлын бэлчээр ашиглалтын төлөвлөлт, малчдын бүлэг, холбоодын оролцоог өргөжүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийг гаргах болсон.

2024 онд баталсан Малчин өрхийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд бэлчээрийг даацад нь нийцүүлэн ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд малчдын хамтын оролцоог бэхжүүлэхээр тусгасан. Малчны тухай хуульд малчдын эрх зүйн байдал, ажиллаж амьдрах нөхцөл, мэдлэг боловсрол, үйлдвэрлэл эрхлэх болон нийгмийн хамгааллын эрх зүйн үндсийг тодотгож өгсөн” хэмээн ярилаа.

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын малчин Ц.Ундармаа уг хэлэлцүүлгийн индэрээс хэлэхдээ, “Газрын нөхөн сэргээлтийн талаар ярихдаа ихэвчлэн мод тарих, газар хашаалах, малчид болон мал сүргийг суурьшуулах зэрэг техникийн ажиллагаагаар төсөөлдөг. Үүний оронд орон нутгийн иргэд, мал сүрэг, газар нутгийн хоорондын дундах уялдаа холбоог түшиглэн, тогтвортой амьжиргаа, эрүүл бэлчээр, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутгийн тогтолцоог бий болгоход олон нийтийг хэрхэн дайчлах вэ гэсэн өргөн хүрээний асуултаас эхлэх ёстой.

Энэ хүрээнд оролцогч талуудад хандан дараах уриалгыг дэвшүүлж байна. Нэгдүгээрт, газар эзэмшлийг хариуцлагатайгаар удирдах сайн дурын удирдамжийг бодитойгоор хэрэгжүүлэх. Хоёрдугаарт, бэлчээрийн малчдын утга учиртай оролцоо, манлайллыг бүх түвшинд хангах. Гуравдугаарт, газрын доройтлыг саармагжуулах зорилтыг малчдын эрхэд суурилсан байдлаар шинэчлэн тодорхойлох. Дөрөвдүгээрт, малчдын уламжлалт мэдлэг, зан заншилд суурилсан засаглалын тогтолцоог байгаль хамгаалал болон газрын нөхөн сэргээлтийн бодлого, төлөвлөгөөнд бүрэн тусгах. Тавдугаарт, Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцыг газрын доройтол, эрүүл хөрсний асуудлыг системийн хандлагаар авч үзэхийг уриалж байна.

Малчдын эрх, уламжлалт мэдлэг, туршлага, зан заншилд суурилсан засаглалын тогтолцоог хүлээн зөвшөөрч, хамгаалж, бэхжүүлж чадсан нөхцөлд газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлын хамгаалал урт хугацаанд бодит үр дүнд хүрнэ” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Тус үеэр хэлэлцүүлэгт оролцож буй илтгэгчдийн хувьд, “Бэлчээр нутаг бол улс орон бүрийн хувьд үнэт баялаг юм. Тийн атал өнгөрсөн хугацаанд бэлчээр нутгийг хангалттай анхаараагүйгээс газраа алдах аюултай нүүр тулаад байна. Иймд МАА, тэдгээрийг эрхлэгчдийн амьдралыг олон зууны турш тэтгэж ирсэн газар нутгаа хамгаалахын тулд улс орнууд тус тусын салангид бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэх бус, нэгдсэн бодлого, хэрэгжилтэд анхаарах шаардлагатай. Тэр дундаа, бэлчээр нутгаас хамаарал бүхий 500 сая иргэн бүр өөрсдийн эрхийг хамгаалж, шийдвэр гаргах түвшинд оролцоотой байх хэрэгтэй”-г онцолж байв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн