БЭЭЖИН, 2026 оны аравдугаар сарын 28 /Xinhua/. Хятадын аж үйлдвэрийн томоохон компаниудын ашиг 2026 оны эхний есөн сард өмнөх оны мөн үеийнхээс 15.5 хувиар нэмэгдсэнийг мягмар гарагт танилцуулсан албан ёсны мэдээлэл харуулжээ. Ийнхүү өссөхөд электроникийн болон дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хятадын Үндэсний статистикийн товчооноос мэдээлснээр, үндсэн үйл ажиллагаанаас жилд 20 сая юань буюу 2.98 сая орчим ам.доллароос доошгүй орлого олдог аж үйлдвэрийн компаниудын ашиг 1-9 дүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс хоёр оронтой тоогоор өссөн байна.
Зөвхөн есдүгээр сард эдгээр компанийн ашиг өмнөх оны мөн үеийнхээс 14.4 хувиар өссөн нь наймдугаар сарынхтай харьцуулахад 10.2 нэгж хувиар их байна.
Үндэсний статистикийн товчооны статистикч Юй Вэйниний тайлбарласнаар, аж үйлдвэрийн компаниудын ашиг өссөнд макро эдийн засгийг дэмжих бодлогыг эрчимжүүлсэн, аж үйлдвэрийн үйлдвэрлэл тогтвортой байсан, мөн шинэ чанарын үйлдвэрлэх хүчнийг хөгжүүлэх үйл явц хурдассан зэрэг хүчин зүйл нөлөөлжээ.
Эдгээр компанийн ашиг өсөхөд электроникийн үйлдвэрлэл голлон нөлөөлжээ. Тус салбарын ашиг өмнөх оны мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн нь аж үйлдвэрийн нийт ашгийн өсөлтийн 9.6 нэгж хувийг бүрдүүлсэн байна.
Хиймэл оюуны тооцоолох хүчин чадал болон дэвшилтэт санах ойн технологийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор электрон үйлдвэрлэлийн тусгай зориулалтын материал үйлдвэрлэгчдийн ашиг 220 хувиар, хагас дамжуулагчийн дискрет төхөөрөмж үйлдвэрлэгчдийн ашиг 51.7 хувиар тус тус өсжээ.
Үүний зэрэгцээ дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн салбарын ашиг өмнөх оны мөн үеийнхээс 52 хувиар нэмэгдсэн нь аж үйлдвэрийн нийт ашгийн дундаж өсөлтөөс 36.5 нэгж хувиар их байна.
Эхний гурван улиралд дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийн салбар Хятадынаж үйлдвэрийн томоохон компаниудын нийт ашгийн 25.5 хувийг бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 6.2 нэгж хувиар нэмэгджээ.
