ВАШИНГТОН, 2026 оны аравдугаар сарын 28 /TASS/. Украины Херсон мужийн Олешки хотод хэрэгжиж буй гал зогсоох дэглэмийн үйлчлэх бүсийг хотын гаднах нутаг дэвсгэрт өргөжүүлсэн гэж АНУ-ын Тэргүүн хатагтай Меланиа Трамп мэдэгджээ.
“Украин, Оросын хооронд гал зогсоох дэглэм 2026 оны аравдугаар сарын 27-ны өдөр Москвагийн цагаар 04:00 цагт хэрэгжиж эхэлсэн. Энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламж хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор уг тохиролцоог төлөвлөж байснаас хоёр хоногийн өмнө хэрэгжүүлэхээр болсон. Мөн хүмүүнлэгийн тусламжийн цувааг аюулгүйгээр нэвтрүүлэхийн тулд Херсон мужийн Олешкид гал зогсоох бүсийг өргөжүүлсэн” гэж АНУ-ын тэргүүн хатагтай X нийгмийн сүлжээнд бичжээ.
Меланиа Трампын дэмжлэгтэйгээр Орос, Украины талууд Херсон мужийн Олешки хотод аравдугаар сарын 29-нөөс гал зогсоохоор тохиролцсон гэж Цагаан ордон аравдугаар сарын 23-нд мэдэгдсэн байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яам өмнө нь мэдэгдэхдээ, Москвагийн цагаар 04:00 цагаас эхлэн Херсоны чиглэлд байлдааны ажиллагааг зогсоож, Олешки хотын орчимд хүмүүнлэгийн ажиллагаа явуулах бэлтгэл ажлын хүрээнд гал зогсоох дэглэм тогтоосон гэжээ. ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, армийн генерал Валерий Герасимов аравдугаар сарын 23-нд мэдэгдэхдээ, иргэдийн аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэрэгцээнд шаардлагатай ачаа хүргэх зорилгоор инженерийн тандан судалгаа явуулж, хүмүүнлэгийн тусламжийн цувааг Олешки хот руу аюулгүй нэвтрүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн байна.
Оросын Батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, Украины эрх баригчид хоёр жил гаруйн хугацаанд тус суурин руу хүрэх зам, нэвтрэх гарцууд руу өдөр бүр их буугаар галлаж, тээврийн хэрэгслүүдийг устгах зорилгоор нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг өргөнөөр хэрэглэж ирсэн байна. Мөн Украины цэргүүд энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхгүй байх, Олешки хотод хүнс, эм, нийгмийн хэрэгцээний бараа хүргэх ажиллагааг тасалдуулах зорилгоор тус хот руу хүрэх замуудыг нисгэгчгүй төхөөрөмжөөр алсаас минажуулдаг гэж мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков аравдугаар сарын 26-нд мэдэгдэхдээ, Олешки хотод хүмүүнлэгийн ажиллагаа явуулах тухай тохиролцоо нь фронтын бусад хэсэгт ч ийм ажиллагаа зохион байгуулах жишиг болж магадгүй гэжээ. Энэхүү үйл явцад АНУ-ын тал шууд оролцож, зохицуулах үйл ажиллагаанд маш нааштай үүрэг гүйцэтгэж байна гэж тэрбээр онцоллоо. Мөн Украины тал хүмүүнлэгийн ажиллагаа явуулахтай холбоотой бүх тохиролцоогоо биелүүлнэ гэдэгт Оросын тал найдаж байгааг Д.Песков нэмж дурджээ.
