Жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн хууль 2027 оноос хэрэгжинэ

Улсын Их Хурал өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, татварын тогтолцоог илүү шударга, өрсөлдөх чадвартай, бизнес, технологийг дэмжсэн өөрчлөлтүүдийг тусгасан.

Энэхүү хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Хуулиар татварын хувь хэмжээг шатлалтай болгож шинэчилсэн байдаг. Энэ хүрээнд 6-10 тэрбум төгрөгийн жилийн орлоготой аж ахуйн нэгжийн татварын хувь хэмжээг 15 хувь байхаар тогтоож, татварын ачааллыг орлогын түвшинтэй уялдуулан шатлалтай ногдуулах эрх зүйн орчныг бүрдүүлжээ.

Түүнчлэн жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор татварын хөнгөлөлт эдлэх босгыг нэмэгдүүлсэн байна. Мөн 90 хувийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой аж ахуйн нэгжийн орлогын дээд хэмжээ 1.5 тэрбум төгрөг байсныг өөрчлөн босгыг 2.5 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэхээр тусгасан аж. Технологи, инновацын салбарыг татварын бодлогоор дэмжинэ. Үүнд хиймэл оюун ухаан (AI), дата төвийн тоног төхөөрөмжид гурван жилийн хугацаанд түргэвчилсэн элэгдэл тооцох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ виртуал бус мэдээллийн технологийн компаниудын тодорхой төрлийн орлогыг татвараас чөлөөлөх юм. Татварын тайлагнал, төлбөрийн хугацааг уян хатан болгов. Сар бүрийн тайлан гаргах, татвар төлөхтэй холбоотой хугацааг тодорхой өдрөөр бус тухайн сарын сүүлийн өдрөөр тогтоохоор өөрчилжээ.

Хууль хэрэгжиж эхэлснээр жижиг, дунд бизнес эрхлэгчид татварын хөнгөлөлт эдэлнэ. Өндөр технологийн салбарын хөрөнгө оруулалт, инновац бүтээмжийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн сар бүрийн 10, 20, 25-ны өдөртэй холбоотой хугацааны зохицуулалтыг илүү ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар болгож, татвар төлөгчийн үүргээ биелүүлэх нөхцөл сайжрах юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн