Өвлийн олимп 2026: Өнөөдөр юу үзэх вэ?

Милан Кортина 2026

Макс Группын дэмжлэгтэйгээр бэлтгэв. 

Милан Кортина 2026 өвлийн олимпын наадмын өнөөдрийн /2026.02.07/ онцлох үйл явдлуудыг та бүхэндээ хүргэе.

УУЛЫН ЦАНА: Эмэгтэйчүүдийн даунхиллын медальтнууд тодорно. 2010 оны Ванкуверын олимпын аварга Линдси Вонн найман жилийн дараа олимпод дахин оролцож байна. Тэрбээр саяхан хөлөндөө бэртэл авч, олимпод оролцох эсэх нь тодорхойгүй байсан юм. Өдгөө 41 настай түүний хувьд бэлтгэлдээ орж, бүх зүйл хэвийн гэдгээ хэлсэн.

Түүнтэй өнөөдөр эзэн орны тамирчин, “Хурдны хатан” гэгддэг Софиа Гожжа  өрсөлдөнө. Тэрбээр 2018 оны олимпод түрүүлж, 2022 оны олимпоос мөнгөн медаль хүртэж байсан түүхтэй.

Мөн Германы хоёр болох Эмма Айчер, Кира Вайдле-Винкельман болон АНУ-ын Бризи Жонсон нар медалийн тооцоонд бий.

ЧАРГА: Эрэгтэйчүүдийн финалын гараа болно. Өмнөх дэлхийн аваргууд болох Германы Феликс Лох, Австрийн Йонас Мюллер нарын дунд гол өрсөлдөөн өрнөнө.

УРАН ГУЛГАЛТ: Багийн төрөл үргэлжилнэ. АНУ-аас Илья Малинин, Алиса Лю болон Мэдисон Чок, Эван Бэйтс нарын хос үзүүлбэрээ толилуулна.

Энэ удаагийн олимпод Оросын уран гулгалтынхан багийн төрөлд оролцохгүй. Харин ганцаарчилсан төрөлд оролцоно.

CНӨҮБОРД: Эмэгтэйчүүдийн зэрэгцээ жиант слалом төрөл эхэлнэ. Чехийн Эстер Ледецка гурав дахиа дараалан түрүүлэхийн төлөө өрсөлдөх учиртай. Түүнийг зогсоох нэгэн гарч ирэх үү?

ГҮЙЛТИЙН ЦАНА: Сонгодог болон чөлөөт техникийг хослуулан уралддаг скиатлоны төрөл эхэлнэ. Монгол Улсаа төлөөлөн Б.Ачбадрах өнөөдөр 19:30 цагаас гараанаас гарах хуваарьтай байна.

Гүйлтийн цанаар өрсөлдөж буй Э.Ариунтунгалагийн хувьд өчигдөр эмэгтэйчүүдийн скиатлонд уралдах байсан ч бэртлийн улмаас гараанд гарсангүй. Гэхдээ хоёрдугаар сарын 10-ны өдөр богино зайн уралдаандаа өрсөлдөх аж.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн