Вонн, Гу, Малинин – Өвлийн олимпын заавал цээжлэх нэрс

Милан Кортина 2026

Макс Группын дэмжлэгтэйгээр бэлтгэв.

Дэлхийн 90 гаруй орны 2,900 гаруй тамирчид Милан-Кортина 2026 өвлийн олимпод оролцоход бэлэн болжээ. Хоёрдугаар сарын 6-ны өдөр хойд Италийн бүс нутагт цас, мөсний одод чуулж, дэлхий нийтийг байлдан дагуулна. Үүнтэй холбогдуулан та бүхэндээ ирэх олимпын онцлох тамирчдыг танилцуулъя.

Линдси Вонн – Уулын цана

Вонн, Гу, Малинин - Өвлийн олимпын заавал цээжлэх нэрс

Нас: 41 Улс: АНУ

Олимп эхлэхээс тавхан өдрийн өмнө хөлөө хүнд бэртээсэн Линдси Вонн ямартай ч олимпод оролцох хүсэлтэй байгаа гэнэ. Тэрбээр саяхан Швейцарьд дэлхийн цомын финалын гараанд уралдах үеэрээ бэртэж, эмнэлэгт хүргэгджээ. Хэдий хүнд бэртэл авсан ч тав дахь олимпдоо оролцох бодол бий аж.

Ахмад тамирчны хувьд 2019 онд өвдөгний бэртлийн улмаас зодог тайлсан ч 2024 онд их спортдоо эргэн ирсэн билээ. Дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга уулын цанын аль төрөлд оролцох нь тодорхойгүй байгаа ч сүүлийн олимпдоо торгон жолоогоо өргөх бололтой.

Микаела Шиффрин – Уулын цана

Вонн, Гу, Малинин - Өвлийн олимпын заавал цээжлэх нэрс

Нас: 30 Улс: АНУ

Уулын цанын спортын бүх цаг үеийн хамгийн агуу тамирчин гэгддэг Микаела дөрөв дэх олимпдоо оролцоно. Өмнөх 2022 оны Бээжингийн олимпод бэртэл гэмтэл, сэтгэл зүйн асуудлаас болж хүссэн амжилтаа үзүүлээгүй тэрбээр энэ удаад өөрийгөө дахин харуулна гэх.

Дэлхийн цомын таван удаагийн аварга, 108 ялалттай тэрбээр слалом төрөлдөө дийлдэшгүй байгаа. Түүний сүйт залуу Норвегийн тамирчин Александер Аамодт Килде ч бэртлээсээ эргэн ирж, олимпод оролцоно.

Максим Наумов – Уран гулгалт

Вонн, Гу, Малинин - Өвлийн олимпын заавал цээжлэх нэрс

Нас: 24 Улс: АНУ

Өнгөрсөн онд Вашингтон хотод сүйрсэн онгоцны ослоор эцэг эхийгээ алдсан Максим анхны олимпдоо оролцох гэж байна. Бурхан болсон аав ээждээ олимпын тамирчин болох мөрөөдөлтэй гэж ярьж байсан хүү одоо Италид иржээ. Тэрбээр уран гулгалтын багийн төрөлд эх орноо төлөөлнө.

Түүний эцэг эх болох Вадим Наумов, Евгения Шишкова нар Оросыг төлөөлөн 1994 оны дэлхийн аваргын хосын төрөлд алтан медаль хүртсэн тамирчид байв.

Эмили Харроп – Скимо

Вонн, Гу, Малинин - Өвлийн олимпын заавал цээжлэх нэрс

Нас: 28 Улс: Франц

Ууланд цанаар өгсөж, уруудах буюу скимо гэх спорт анх удаагаа олимпын хөтөлбөрт багтсан. Энэ спортын ирээдүйн тод од нь Эмили Харроп гэхэд хилсдэхгүй.

Англи эцэг эхтэй түүний хувьд Их Британийн нэрийн өмнөөс олимпод оролцох боломж байсан ч багаасаа Альпын нуруунд өссөн учир Францыг сонгожээ.

2025 оны улирал дэлхийн цомын долоон гараанд бүгдэд нь түрүүлсэн тэрбээр спринт болон ерөнхий дүнгээр дөрвөн жил дараалан дэлхийд ноёлжээ.

Ютта Лердам – Гүйлтийн тэшүүр

Вонн, Гу, Малинин - Өвлийн олимпын заавал цээжлэх нэрс

Нас: 28 Улс: Нидерланд

Нидерландын тэшүүрчин Ютта Лердам энэ удаад 1000 метр болон 500 метрийн зайд уралдана. Цагтаа дэлхийн аварга болж байсан тэрбээр өнгөрсөн 2022 оны Бээжингийн олимпоос 1000 метрийн зайд мөнгөн медаль хүртэж байв.

Тэрбээр “Youtuber”, боксчин Жейк Полтой сүй тавьсан билээ.

Финли Мелвилл Айвс – Цанын чөлөөт үзүүлбэр

Вонн, Гу, Малинин - Өвлийн олимпын заавал цээжлэх нэрс

Нас: 19 Улс: Шинэ Зеланд

Италид гялалзах залуу тамирчдын тэргүүн эгнээнд Финли Мелвилл бичигдэж байна. Түүний эцэг эх снөүбордын сургагч багш нар бөгөөд ихэр нь эцэг эхээ дагаж, снөүбордыг сонгосон бол Финли Мелвилл цаныг илүүд үзжээ.

Өнгөрсөн жил Калгарид дэлхийн цомын анхны түрүүгээ хүртсэн тэрбээр удалгүй Швейцарьд “halfpipe” төрөлд дэлхийн аварга болсон. Ингэхдээ Алекс Феррейра, Ник Гоеппер зэрэг олимпын мундгуудыг ардаа хаяжээ.

Эйлин Гу – Цанын чөлөөт үзүүлбэр

Вонн, Гу, Малинин - Өвлийн олимпын заавал цээжлэх нэрс

Нас: 22 Улс: Хятад

Нарлаг Калифорнид төрж, өссөн цаначин охин 2022 оны Бээжингийн олимпоор Хятадыг төлөөлсөн. 18 насандаа олимпын гурван алт, мөнгөн медалийг хүзүүндээ гялалзуулсан тэрбээр дэлхийн аваргаар хоёр удаа, өвлийн Х наадмын аваргаар гурван удаа тус тус шалгарчээ.

Спортоос гадна Гу бол хамгийн алдартай өвлийн спортын тамирчин бөгөөд Нью-Йорк, Барселон, Парис, Миланы загварын долоо хоногт загвар өмсөгчөөр ажилласан. Мөн Стэнфордын их сургуульд квант физикийн чиглэлээр сурдаг.

NHL-ийн одод – Хоккей

Вонн, Гу, Малинин - Өвлийн олимпын заавал цээжлэх нэрс

2014 оны Сочигийн олимпоос хойш анх удаагаа NHL буюу Хойд Америкийн хоккейн лигийн одод олимпод өрсөлдөх гэж байна. Тэд 2018 болон 2022 онуудад олимпод оролцоогүй.

NHL-ийн ододгүй жилүүдэд Орос, Финландын шигшээ багууд олимпын аварга болсон. АНУ-ын шигшээ баг сүүлийн хоёр олимпод медаль ч хүртээгүй. Гэхдээ энэ удаад NHL-ийн одод тэдний бүрэлдэхүүнд бий.

Хлои Ким – Снөүборд

Вонн, Гу, Малинин - Өвлийн олимпын заавал цээжлэх нэрс

Нас: 25 Улс: АНУ

17 насандаа 2018 оны олимпоос алтан медаль хүртэж байсан залуу охин гурав дараалан түрүүлэхийн төлөө Италид ирж байна. Тэрбээр дөрвөн жилийн өмнө Бээжинд аваргаа хамгаалж, үүргээ биелүүлсэн. Гэхдээ энэ удаад асуудалтай. Учир нь тэрбээр энэ оны эхэнд мөрөө мулталсан гэх тааруу мэдээтэй.

Гэхдээ л өөрийн инстаграмаар дамжуулан өрсөлдөхөд бэлэн гэдгээ хэлжээ.

Франческо Фридрих – Бобслей

Вонн, Гу, Малинин - Өвлийн олимпын заавал цээжлэх нэрс

Нас: 35 Улс: Герман

Германы домогт бобслейн нисгэгч Франческо Италид түүх бүтээхээр ирнэ. Өвлийн олимпын түүхэнд ямар ч бобслейн тамирчин гурван олимпоос дараалан хос алтан медаль хүртэж байгаагүй. Тэгвэл Франческо хосын болон дөрвөн хүний төрөлд гурав дахь олимпдоо түрүүлэх боломжтой.

16 удаагийн дэлхийн аварга тэрбээр хосын болон дөрвөн хүний төрөлд 100 гаруй дэлхийн цомын гараанд түрүүлсэн нэгэн. Герман ч бобслейн уралдаануудад дийлдэшгүй байна. Тэднийг хэн зогсоох вэ?

Арианна Фонтана – Гүйлтийн тэшүүр

Вонн, Гу, Малинин - Өвлийн олимпын заавал цээжлэх нэрс

Нас: 35 Улс: Итали

Зургаа дахь олимпдоо оролцох гэж буй Арианна өвлийн олимпоос 11 медальтай. Өөрөөр хэлбэл, оролцсон олимп бүрээсээ медаль хүртсэн түүхтэй. 15 настайдаа л Турины олимпоос хүрэл медаль хүртсэн авьяастан.

20 жилийн дараа ч шорт трейкийн тамирчин маань гүйлтийн тэшүүрт хүч үзэх гэж байна. Мөн хоёр удаагийн олимп аваргын хувьд Италийн туг баригчаар олимпын нээлтэд жагсана.

Лукас Пиньейро Браатен – Уулын цана

Вонн, Гу, Малинин - Өвлийн олимпын заавал цээжлэх нэрс

Нас: 25 Улс: Бразил

Норвегид төрсөн цаначин залуу Өмнөд Америк тивээс өвлийн олимпийн алтан медаль хүртсэн анхны тамирчин болж, түүх бүтээх боломж бий. Тэрбээр ээжийнхээ төрсөн улс болох Бразилыг төлөөлөхөөр иргэншлээ сольсон.

Тэрбээр 2023 онд зодог тайлсан ч 2025 онд Бразилыг төлөөлөхөөр эргэн ирсэн. Мөн 2025 оны дэлхийн цомд Бразилыг төлөөлөн өндөр амжилт үзүүлж, түүх бүтээсэн.

Аделия Петросян – Уран гулгалт

Вонн, Гу, Малинин - Өвлийн олимпын заавал цээжлэх нэрс

Нас: 18 Улс: ОХУ /Гэхдээ цагаан тугийн дор олимпод оролцоно/

Орос болон Беларусиас нийт 20 гаруй тамирчин цагаан тугийн дор оролцож байгаагийн нэг нь Аделия. Тэрбээр саяхныг хүртэл насанд хүрэгчдийн ангилалд олон улсын тэмцээнд оролцож үзээгүй байв. Харин Бээжинд олимпын эрхийн тэмцээнд түрүүлж, дебютээ амжилттай хийсэн.

Түүний багш нь Камила Валиеваг дасгалжуулж байсан Этери Тутберидзе.

Илья Малинин – Уран гулгалт

Вонн, Гу, Малинин - Өвлийн олимпын заавал цээжлэх нэрс

Нас: 21 Улс: АНУ

Уран гулгалтын спортын хамгийн хүнд элемент гэгдэх дөрвөлсөн аксель үсрэлтийг амжилттай гүйцэтгэсэн цор ганц тамирчин гэгддэг Ильяаг хүмүүс “Quad God” гэдэг. Өөрөөр хэлбэл, дөрвөлсөн үсрэлтийн бурхан.

Түүний эцэг эх болох Татьяна Малинина, Роман Скорняков нар олимпод өрсөлдөж байсан. Түүнийг ч энэ удаагийн олимпод түрүүлнэ гэж олон хүн үзэж буй.

Дэлхийн аварга Илья энэ удаад анхны олимпдоо оролцоно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн