Я.Синнер Уимблдоны тэмцээнд хоёр жил дараалан түрүүллээ

ЛОНДОН, 2026 оны долоодугаар сарын 13 /Kazinform/. Италийн теннисчин Янник Синнер Уимблдоны тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтод Германы тамирчин Александр Зверевийг хожиж, тус тэмцээнд хоёр дахь жилдээ дараалан түрүүллээ. Тэрбээр аваргын цомын хамт 4.8 сая ам.долларын шагнал хүртэнэ гэж BBC телевиз мэдээлжээ.

Бүх Английн лаун-теннис, крокетын клубийн зүлэгт талбайд ням гарагт болсон аваргын төлөөх тоглолтод дэлхийн чансааг тэргүүлэгч Я.Синнер, Германы теннисчин Александр Зверев нар 3 цаг 46 минутын турш өрсөлдсөн байна. Тоглолтын үеэр Я.Синнер 15 удаа давуулалтаар оноо авч, хоёр удаа хоёр оролдлогоор дараалан дүрмийн дагуу бөмбөгийг тоглолтод оруулж чадаагүй бөгөөд таван брейк-поинтоос хоёрыг нь оноо болгожээ. Харин А.Зверевийн хувьд 17 удаа давуулалтаар оноо авч, мөн хоёр удаа хоёр оролдлогоор дараалан дүрмийн дагуу бөмбөгийг тоглолтод оруулж чадаагүй байна.

Тоглолт 6:7 (7:9), 7:6 (7:2), 6:3, 6:4 гэсэн харьцаагаар Я.Синнерийн хожлоор дуусжээ. Ингэснээр хоёр теннисчний хоорондоо учраа таарсан тоглолтод Я.Синнерийн одоо 11-4-өөр тэргүүлж байна. Тэрбээр 2024 оны Цинциннатигийн тэмцээнээс хойш А.Зверевийг дараалан 10 дахь удаагаа хожлоо.

Өдгөө 24 настай Янник Синнер дэлхийн чансааны тэргүүн байрт бичигдэж байна. Уимблдонд аваргалснаар тэрбээр Их дуулгын тэмцээний тав дахь түрүүгээ хүртэв. Я.Синнер Австралийн нээлттэй тэмцээнд 2024, 2025 онд, АНУ-ын нээлттэй тэмцээнд 2024 онд, Уимблдонд 2025, 2026 онд аваргалсан юм. Үүнээс гадна, 2024, 2025 оны “ATP Finals” тэмцээний 2 түрүүг оруулаад Мэргэжлийн теннисчдийн холбооны (ATP) 29 цомтой. Мөн Италийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Дэвисийн цомыг хоёр удаа (2023, 2024) хүртжээ.

Харин 29 настай Александр Зверев одоогоор ATP-ийн чансааны гуравдугаарт бичигдэж байгаа ч Уимблдоны дараа хоёрдугаар байр луу дэвших юм. Тэрбээр өнгөрсөн зургаадугаар сард Францын нээлттэй тэмцээнд (Ролан Гаррос) түрүүлж, анх удаагаа Их дуулгын тэмцээний аварга цолыг хүртжээ. А.Зверев ATP-ийн ганцаарчилсан төрлийн тэмцээнүүдэд нийт 25 удаа (“ATP Finals” тэмцээний 2018, 2021 онд) түрүүлсэн байна. Мөн 2021 онд Токиод болсон Олимпын наадмын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн