Дэлхий дахинд өрнөж буй үйл явдлууд заримдаа сэтгэл түгшээж, таагүй мэдрэмж төрүүлэх нь бий. Гэвч энэ бүхний дунд сэтгэл сэргээж, урам зориг өгөх сайхан мэдээ ч цөөнгүй байдаг. Энэ удаа уншигч та бүхэнд урам зориг өгөх дэлхийн өнцөг булан бүрд болсон сонирхолтой үйл явдлуудаас хүргэж байна.
Кейт гүнжийн гоёл олны анхаарлыг татжээ
Эхлээд Их Британийн хааны гэр бүлийнхэн болон тэдний тансаг гоёл чимэглэлийн тухай мэдээг хүргэе. Виндзорын шилтгээнд Оманы Султан Хайсам бин Тарикийн төрийн айлчлалд зориулан энэ долоо хоногт зохион байгуулсан хүндэтгэлийн зоогт Уэльсийн гүнж Кейт Миддлтон гоёмсог даашинз, үнэт эдлэлээрээ олны анхаарлыг татжээ.
Гүнж Кейт загвар зохион бүтээгч Эли Саабын урласан нөмрөгтэй, гүргэмийн шар өнгийн урт даашинзаар гоёсон байна. Тэрбээр хатан хаан Мэригийн “Lover’s Knot” хэмээх алдарт титмийг зүүсэн байна. Уг титмийг өмнө нь гүнж Диана зүүж байсан бөгөөд Кейтийн хамгийн дуртай гоёлуудын нэг юм. Тэрбээр мөн талийгаач хатан хаан II Элизабетын ээмэг, бугуйвчийг сонгожээ.
Хүндэтгэлийн зоогийн үеэр Их Британийн хаан III Чарльз Оманы угсаа залгамжлах хунтайжтай хамтран хэрэгжүүлж буй хунтайж Уильямын ажлын талаар дурдах үед Уэльсийн хунтайж, гүнж хоёр бие биедээ халуун дулаан харц бэлэглэжээ.
Уэльсийн хунтайж Уильям, гүнж Кейт нар уламжлал ёсоор хүндэтгэлийн зоогийн өмнө дурсгалын хөрөг зургаа авахуулсан байна. Тэдний зургийг алдартнуудын гэрэл зурагчин Грег Уильямс авчээ. Хосууд уг зургаа хар, цагаан өнгөөр нийтэлсэн байна.
“Дэлхий ертөнц уудам, миний төлөвлөгөө ч том”
Казахстаны авьяаслаг найруулагч Айсултан Сейтов Америкийн рэп дуучин A$AP Rocky-гийн “Shroom Clouds” дууны клипийг хамтран найруулжээ. Уг дуу нь рэп дуучны шүтэн бишрэгчдийн удаан хүлээсэн “Don’t Be Dumb” цомгийн хоёр дахь хэсгийн гол бүтээл юм.
Энэхүү дууны клипэнд ногоон толгод, уудам тал нутаг, хуучны загварын тансаг автомашинууд болон бодит бус мэт дүрслэлүүд ээлжлэн солигдох, зүүд зэрэглээ мэт ертөнцийг дүрслэн харуулжээ. Харин клипийн төгсгөлд A$AP Rocky Нью-Йорк хотын нэгэн байшингийн үүдний шатан дээр сууж буйгаар гарна.
Нью-Йоркийн кино академийг төгссөн А.Сейтов нь олон улсад амжилт гаргаж, нэр хүндтэй болсон Казахстаны кино болон дууны клипийн найруулагчдын нэг юм. Тэрбээр Америкийн хип-хоп хөгжмийн ертөнцийн алдартай уран бүтээлчид болох 21 Savage, J. Cole, Offset нарын дууны клипийг найруулж байжээ.
Оюутнууд багшдаа гэнэтийн бэлэг барьжээ
АНУ-ын Баруун Кентакийн их сургуулийн профессор Жон Якел зангиа цуглуулах дуртай нэгэн ажээ. Оюутнуудынх нь гэнэтийн бэлэг түүний цуглуулгыг улам баяжуулжээ.
Багшийнхаа зангиа цуглуулах сонирхлыг мэддэг оюутнууд нь төрсөн өдрөөр нь олон төрлийн зангиа бэлэглэн гэнэтийн бэлэг барьсан байна. Сэтгэл хөдөлгөм энэ мөчийг дүрс бичлэгт буулган TikTok сүлжээнд нийтэлснийг нь 14 сая гаруй удаа үзсэн байна.
43 жилийн өмнө авсан номоо эргүүлэн өгчээ
Канадын Бритиш Колумби мужийн Виктория хотын нийтийн номын санд 43 жилийн өмнө буцааж өгөх ёстой байсан номыг энэ сард эргүүлэн өгсөн тухай мэдээлжээ.
Уг ном нь Америкийн зохиолч Херман Воукийн 1978 онд хэвлүүлсэн “Дайн ба дурсамж” /War and Remembrance/ роман ажээ.
Сонирхолтой нь, ном дотор тухайн үед олгосон, буцааж өгөх хугацааг тэмдэглэсэн карт нь хэвээрээ байсан байна. Картнаас үзвэл уг номыг 1983 оны есдүгээр сарын 1-нд буцаан өгөх ёстой байжээ. Номыг яагаад 43 жилийн дараа буцаан өгснийг болон уншигч нь хэн болох талаар номын санчдад мэдээлэл байхгүй байгаа аж.
Скейтбордоор цагт 151.83 км-ийн хурдтай гулгажээ
Испанийн скейтбордчин Диего Понселе уулын уруу скейтбордоор гулгахдаа цагт 94.34 миль буюу 151.83 км хурдалж, Гиннесийн дэлхийн дээд амжилтыг тогтоожээ.
Өдгөө 27 настай, уулын уруу гулгах скейтбордын мэргэжлийн тамирчин Понселе Канадын Квебек мужид уг амжилтаа үзүүлсэн байна. Тэрбээр скейтбордоор хар салхины хурдтай тэнцэхүйц асар хурдтай гулгаснаар “скейтборд дээр зогсоо байрлалаар хамгийн хурдан уруудсан” амжилтын эзэн болжээ.
