ИСТАНБУЛ, 2026 оны аравдугаар сарын 27 /TASS/. Хар тэнгисийн хоолойгоор хөлөг онгоц нэвтрүүлэх журмыг зохицуулдаг Монтрёгийн конвенцыг хэрэгжүүлэх асуудалд буулт хийхгүй гэдгээ Туркийн эрх баригчид НАТО-гийн түншүүддээ тодорхой илэрхийлсэн тухай тус улсын засгийн газрын талыг баримтлагч “Yeni Şafak” сонинд бичжээ.
Тус хэвлэлд тэмдэглэснээр, АНУ болон Франц улс Хар тэнгис дэх цэргийн оролцоогоо өргөжүүлэхийг удаан хугацааны турш эрмэлзэж байгаа хэдий ч Туркийн эрх баригчид тус тэнгисийн аюулгүй байдлыг зөвхөн эргийн дагуух орнууд хангах ёстой гэсэн байр суурийг баримталсаар байна.
“Хар тэнгисийн эргийн бус орнуудын тэнгисийн цэргийн хүчнийг тус бүс нутагт байрлуулахыг зөвшөөрөхгүй гэдгээ Туркийн тал тодорхой илэрхийлж байна. НАТО-гийн гишүүн орнууд Туркийн энэхүү эмзэг байр суурийг мэдэж байгаа” гэж “Yeni Şafak” сонины нийтлэлд дурджээ.
1936 онд батлагдсан Монтрёгийн конвенц нь Босфор, Дарданеллын хоолойгоор хөлөг онгоц нэвтрэх журмыг зохицуулдаг. Оросын цэргүүд Украинд тусгай ажиллагаа эхлүүлсний дараа Туркийн эрх баригчид Хар тэнгисийн бүсэд хурцадмал байдал цаашид даамжрахаас сэргийлэх зорилгоор тус конвенцын 19 дүгээр зүйлд үндэслэн мөргөлдөөнд оролцогч орнууд болон Хар тэнгисийн эрэгт оршдоггүй улсуудын байлдааны хөлөг онгоцуудад Босфор, Дарданеллын хоолойг хааснаа мэдэгдсэн билээ.
