БЕРЛИН, 2026 оны аравдугаар сарын 27 /ANADOLU/. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Герман ба ОХУ хоорондын худалдааны эргэлт 2021 оны мөн үе буюу дайнаас өмнөх үетэй харьцуулахад 86 хувиар буурсан байна. Германы Холбооны статистикийн газрын /Destatis/ мэдээллээр, бараа эргэлт 27.7 тэрбум еврогоос 3.9 тэрбум хүртэл огцом унажээ.
Эхний хагас жилд Германы импорт 15 тэрбум еврогоос 500 сая евро, экспорт 12.7 тэрбумаас 3.4 тэрбум болж тус тус буурсан байна. Дайнаас өмнө Германы импортын 61.3 хувийг /9.2 тэрбум евро/ нефть, хий эзэлж байсан бол Оросын эсрэг хориг тавьсны дараа импортын бүтэц эрс өөрчлөгдөжээ. Тодруулбал, энэ оны эхний хагас жилд Оросоос импортолсон бараанд хүнс ба малын тэжээл 38.7 хувь, металл -31.6 хувь, химийн бүтээгдэхүүн – 18 хувийг тус тус эзэлсэн байна.
Мөн Германаас Орост нийлүүлж буй барааны бүтцэд ч томоохон өөрчлөлт гарчээ. Дайнаас өмнө автомашин, суурь машин зэргийг голлон нийлүүлж байсан одоо Европын Холбооны хоригийн жагсаалтад ороогүй эм, эмнэлгийн хэрэгслийн эзлэх хувь эрс өссөн байна.
Destatis-ийн мэдээллээр, 2021 онд 25.4 тэрбум еврогийн хөрөнгө бүхий Оросын 229 компани үйл ажиллагаа явуулж байсан бол 2024 онд 8.4 тэрбумын эргэлт бүхий 76 компани ажиллаж байна. Мөн Бундесбанкны мэдээллээр, Орост ажиллаж буй Германы компаниудын тоо 481 байснаа 290 болж цөөрчээ.
Үүний зэрэгцээ Европын Холбооны хоригийн хүрээнд агаарын орон зайг хаасны дараа Герман, Оросын хооронд хийгдэж байсан нислэгүүд үндсэндээ зогсчээ. Тодруулбал, 2019 оны эхний хагас жилд хоёр улсын хооронд 1 сая орчим хүн зорчиж байсан бол 2026 оны мөн хугацаанд ердөө 39.9 мянга болж цөөрсөн байна. Эдгээр зорчигчид Турк зэрэг гуравдагч улсуудаар дамжин зорчжээ.
Түүнээс гадна, 2014 оны оргил үетэй харьцуулахад Германы их дээд сургуулиудад суралцаж буй Оросын оюутнуудын тоо хоёр дахин буурч, 1700 орчим болсон байна.
