АРЛИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 15 /DW/. Европын аварга Испанийн шигшээ баг ДАШТ-ий эхний хагас шигшээ тоглолтод Францын багийг 2:0 харьцаагаар хожсоноор аваргын төлөө тоглохоор шалгарч үлдлээ.
Спортын сэтгүүлчид “финалын өмнөх финал” хэмээн нэрлэж байсан уг тоглолт АНУ-ын Даллас хотын ойролцоох Арлингтон хотод өнгөрсөн шөнө болов.
Энэ тоглолтын дараа түүхэн дэх хоёр багийн хожлын харьцаа 19:13 болж, Испанийн шигшээ Фуриа Роха давамгайллаа улам бататгалаа. 2024 онд Германд болсон Европын аварга шалгаруулах тэмцээнд испаничууд Францын багийг финалд гаргалгүй зогсоосон юм. Мөн 2025 оны Үндэстнүүдийн лигийн тэмцээний хагас шигшээд гал гарсан ширүүн тоглолт болоход Испанийн шигшээ тоглолтын үндсэн цагт 5:4 харьцаагаар хожиж байв.
Энэ удаад францчууд мөн л хариугаа авч чадаагүй бөгөөд испаничуудын хамгаалалт төгс сайн байсан тул Францын багийн шилдгүүд гоол хийх моментыг ч үүсгэж чадсангүй.
Испанийн залуу довтлогч Ламин Ямалыг зогсоох гэсэн Францын хамгаалагч Люка Дина алдаа гаргасан тул тоглолтын 22 дахь минутанд Микел Ойарсабаль 11 м-ийн торгуулийн цохилтыг амжилттай гүйцэтгэлээ. Энэ нь Микелийн хувьд энэ удаагийн ДАШТ-д оруулсан 5 дахь гоол юм.
Фуриа Рохагийн хоёр дахь гоолыг 58 дахь минутанд Даня Ольмогийн өгсөн дамжуулалтаар Педро Порро Францын хаалганд оруулав.
Одоогийн байдлаар Францын довтлогч К.Мбаппе, Аргентины Месси нар ижил 8 гоол оруулаад байгаа бөгөөд Месси дор хаяж 1 тоглолт хийх үлдээд байна.
Одоо Францын шигшээ баг 18-ны өдөр Европын цагаар 23 цагт Майами хотод 3 дугаар байрын төлөө тоглох бол финалын тоглолт Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд хотод 19-ний өдөр орон нутгийн цагаар 15 цагт болно.
Эргэн сануулахад, өмнө нь испаничууд ӨАБНУ-д 2010 онд болсон ДАШТ-ий хагас шигшээд Германы багийг 1:0-ээр, финалд Нидерландын шигшээг нэмэлт цагт мөн 1:0-ээр хожиж байв.